Цахилгаан, дулаан, ус хангамжийн найдвартай ажиллагааг хангах үүрэг өглөө
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Эрчим хүч болон ус хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах тухай” А/1154 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу өвлийн оргил ачаалал эхэлж байгаа болон шинэ жил, цагаан сарын баярууд дараалан үргэлжлэхтэй холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 26-наас 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эрчим хүч болон ус хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж, хариуцлагатай эргүүл, жижүүрийг томилж, үйлчилгээг түргэн шуурхай найдвартай үзүүлж ажиллахыг инженерийн хангамжийн болон ашиглалтын шугам сүлжээний нийт байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Мөн өвлийн их ачаалал, аваарын үед ажиллах хүн хүч, сэлбэг, техник, тоног төхөөрөмж, санхүүгийн нөөцийг байнгын бэлэн байдалд байлгах зохион байгуулалтын арга хэмжээ авч, болзошгүй аваар, гэмтэл саатлын үед ажиллах төлөвлөгөөг гарган Улаанбаатар хотын ерөнхий менежерээр батлуулж ажиллахыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ХК, Улаанбаатар Дулааны сүлжээ ХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Дулааны Цахилгаан Станц IV ТӨХК, Дулааны Цахилгаан Станц III ТӨХК, Дулааны Цахилгаан Станц II ТӨХК, Диспетчерийн Үндэсний төв, нийслэлийн Онцгой байдлын газарт үүрэг болгосон байна.
Эрчим хүчний нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй хангах техник, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, халаалтын нэг болон хоёрдугаар хэлхээний горимыг тогтмол мөрдөж, хангуулж ажиллахыг Улаанбаатар Дулааны сүлжээ ХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.