Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулах бэлтгэл ажлыг хангана
Нэгдүгээр сарын 04-ний өдрийн засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр.
Монгол Улсын хүн ам 2013 оны эцсээр 2 сая 929 мянга болж, өмнөх оноос 2 хувиар өсөх тооцоо байна. Хүн амын дундаж өсөлт 1990 онд 2.7 хувь байсан бол 2000 онд 1.3 хувь хүртэл буурсан хэдий ч сүүлийн 5 жилд 1.8-2.0 хувь болж өсчээ. Энэ нь хүн ам зүйн цонх үеийн мөчлөгийн үр дүн бөгөөд 2012 оны сүүлийн байдлаар манай улсад 1.4 сая эмэгтэйчүүд байгаагаас 57.64 хувь нь төрөх насны эмэгтэйчүүд байна. Түүнчлэн, 2013 оны жилийн эцсийн байдлаар 79.6 мянган хүүхэд төрж, 16.1 мянган хүн нас барж, хүн амын цэвэр өсөлт 63.5 мянга болох тооцоо байна.
Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард төрсөн бол хоёр сая дахь иргэн 1988 онд мэндэлсэн юм. Тухайн үед хоёр сая дахь иргэн, түүний чацуутнаар хот, хөдөөд 25 хүүхдийг тодруулж байжээ.
Үндэсний статистикийн хорооны тооцоолж байгаагаар Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 2 дугаар улирлын эхээр төрнө. Хэрэв 2014 онд хүн амын цэвэр өсөлт 71.0 мянгад хүрвэл оны төгсгөлд гурван сая дахь иргэн төрөх магадлалтай. Тиймээс Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулах ажлын бэлтгэлийг одооноос эхлэх шаардлага гарчээ. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн Засгийн газрын хуралдаанд хийсэн танилцуулгыг үндэслэн энэ ажлыг зохион байгуулах өндөр түвшний комиссыг Засгийн газрын холбогдох гишүүдийг оролцуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулах, гурван сая дахь иргэн төрсөн өдөр мэндэлсэн бүх хүүхдүүдэд Засгийн газраас гурван сая төгрөгийн тэтгэмж үзүүлэх, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан, орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар шагнах эрхийг Засгийн газраас олгохоор шийдвэрлэлээ.