Энэтхэгт дэлгэрсэн индус шашинтнуудын баталж буйгаар үнээний шинэхэн шээс хорт хавдар зэрэг бүхий л өвчнийг анагаах увдистай гэнэ.
Индус шашинтнууд үхрийг ариун амьтан гэж үздэг. Тиймээс үнээнээс гарсан шээсийг бурхнаас өгч буй эмчилгээний рашаан гэж хүртдэг аж.
42 настай Жайрам Сингал сүүлийн 10 жилийн турш үнээний шээс ууж байна. Тэрбээр боломж олдвол энэхүү амьтны шээсийг эрүүл мэндэд ашигтай хэмээн бүртгүүлэх бодолтой байгаа гэнэ. Жайрам Сингал “Би чихрийн шижинтэй байсан. Харин үнээний шээс ууж эхэлснээс хойш цусан дахь саахарын түвшин маань хэвийн хэмжээндээ очсон. Надад хэн нэгэн үнээний шээс ашигтай гэж зөвлөсөн болохоор 10 гаруй жилийн турш үнээний шээс ууж байна даа” хэмээжээ.
Энэтхэгийн хойд хэсэгт орших Агра хотод хэдэн арван хүн үхрийн байранд цугларч, халуун шээсэнд дугаарладаг аж. Энэ талаар Сингал “Энд маш олон хүн ирдэг. Сүүлийн үед хүмүүсийн тоо улам нэмэгдэж байна” хэмээн ярив.
Тэд үнээний шээсийг хорт хавдар, чихрийн шижин, хавдар, сүрьеэ, ходоодны өвчин зэрэг олон асуудлаас урьдчилан сэргийлнэ гэж үздэг байна. Түүнчлэн үс халцрахаас сэргийлэх хамгийн найдвартай аргаар энэ эмчилгээг нэрлэжээ. Индус шашны гэгээнтэн Рамещ Гупта “Энэ хорвоо ертөнцөд хоёр л зүйл ариун байдаг. Үүний нэг нь Ганга мөрний ус бол нөгөөх нь ариун үнээний шээс юм” хэмээсэн байна.
Жайрам Сингал саяхнаас бүтээгдэхүүнээ сурталчилж, үнээний шээсийг худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Тэрбээр үнээний шээсээр нүдний дусаалга, ходоодны эм, шүдний оо, саван, энгэсэг хийж болно гэж үзсэн аж.