Сар шинийн баярыг тохиолдуулан дэлгүүр, үзэсгэлэн худалдааны газруудад бараа бүтээгдэхүүний хямдралтай, урамшуулалт худалдаа зохион байгуулж байгаа байдалд ШӨХТГ-аас хяналт шалгалт хийж байгаа ажээ.
Шалгалтын явцад “Бишрэлт Косметик энд Фейшн” ХХК-ийн “Бишрэлт” их дэлгүүр нь 10-70 хувь хүртэл хямдрал зарлалаа хэмээн зар сурталчилгаа явуулж байгаа боловч тус дэлгүүрийн бэлэн хувцас, үнэртэн, гоо сайхны тасгуудад 10-50 хувийн хямдралтай худалдаа явагдаж байсан аж.
Мөн “Улаанбаатар” ХХК-ийн “Улаанбаатар” их дэлгүүр нь “Азарган хямдрал” хэмээн 10-80 хувь хүртэл хямдрал зарласныг шалгахад ихэнх тасгууд 50 хувиас дээш хувийн хямдрал байхгүй, хямдарсан барааны хуучин үнэ байхгүй, зөвхөн хямдарсан үнийг бичсэн нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “Хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах”, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Мөн “Улаанбаатар” их дэлгүүрийн В1 давхарт байрлаж буй “Марше” супермаркет нь “Их Хотын номер нэг супермаркет” гэсэн бичвэр байрлуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-ийн “Өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчжээ.
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дээрх хууль зөрчсөн үйл ажиллагаагаа таслан зогсоож, гаргасан зөрчлөө энэ сарын 23-ны дотор арилгах үүрэг өгчээ.