Ус сувгийн удирдах газраас өнгөрсөн онд аж ахуйн нэгж, үйлдвэр, иргэдийн ахуйн хэрэглээний усны үнийг шат дараатайгаар нэмэх саналыг ШӨХТГ-т хүргүүлээд нэмэх шаардлагагүй гэсэн хариуг аваад хэсэг чимээгүй болсон.
Тэгвэл ШӨХТГ-аас усны үнэ тарифыг хоёр дахин, түүнээс илүү хувиар нэмэхээр төлөвлөсөн байна гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос мэдэгдлээ.
Тодруулбал дөрвөн ам бүлтэй, тоолууртай орон сууцны айл өрх сард цэвэр бохир усанд 5490 төгрөг төлдөг байсан бол шинээр нэмэх саналд дээрх төлбөрийг 8598 болгож, дээр нь суурь хураамж 2500 төгрөгийг сар бүр нэмж авахаар тусгажээ.
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар энэ талаар “ШӨХТГ-ын дарга О.Магнай НЗДТГ болон бусад усны компаниудтай хуйвалдаж усны үнийг нэмэхээр зүтгэж байна.
Ингэснээр тэдний шударга өрсөлдөөнийг бий болгох зарчим алдагдаж байна” гэв. Усны үнийг нэмэх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл уул уурхай, архи пиво, ундаа, арьс ширэн эдлэлийн үйлдвэр болон авто угаалгад хэрэглэж буй усны үнийг нэмж ахуйн хэрэглээний үнийг хэвээр нь байлгах хэрэгтэй гэсэн байр суурийг тус холбооноос баримталж буйгаа илэрхийлсэн юм.