Нарантуул зах дээр байхгүй юм гэж бараг үгүй гэж ярьдаг. Тэгвэл хар зах дээр үнэхээр л хачин сонин бүхэн дэлгэгдэх болжээ.
Тодруулбал, БНХАУ-д үйлдвэрлэсэн хэвийн боовыг хэсэг бүлэг хүмүүс нууцаар зарах болсон гэнэ. Энэхүү боовыг ширхэгийг нь 1200 төгрөгөөр зарж байгаа бөгөөд ясны гурилаар хийсэн аж. Хятад хэвийн боов зарж буй наймаачид зах дундуур явж “хямд хэвийн боов авах уу?” хэмээн хүмүүсээс сураглан зарж байгаа гэнэ.
Манай дотоодын үйлдвэрүүдийн хэвийн боов 1950-2000 төгрөгийн үнэтэй байгаа учир уг хэвийн боовыг хямд хэмээн авах хүмүүс ч нэлээд олон байгаа ажээ. Хамгийн харамсалтай нь Хятадад ямар орчинд хэрхэн яаж хийсэн нь баталгаагүй, эрүүл мэндэд ихээхэн хортой ясны гурилаар хийсэн хэвийн боовоор тавгаа засч улмаар баяр дуусмагц иднэ гэхээр иргэдийн эрүүл мэнд хэрхэн хохирох вэ гэдэг нь таамаглахын аргагүй юм.
Мөн манай үндэсний үйлдвэрлэгчид ч гэсэн 1 кг гурил 900 төгрөгийн үнэтэй гэж бодоход кг ч хүрэхгүй хэвийн боовыг хоёр дахин нугалан зарж байгаа нь иргэдийг ийм сонголт хийхэд хүргэж байна.
Энэ талаар холбогдох албаныхан эрэн хайж, баталгаат бус хүнсийг хураан авна гэдэгт итгэлтэй байна.