ХАСБАНК ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Банк санхүүгийн салбарт тэргүүлэгч ХасБанк жижиг, дунд үйлдвэрлэл, тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулж, санхүүжилтээ нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн Банкны Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпорацтай зөвлөх үйлчилгээний гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр ХасБанк нь Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн бүс нутаг дахь ОУСК-ийн “Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүд” хөтөлбөрийн 2 дахь түнш банк болж байгаа юм.

Монгол Улсын нийт ААН-үүдийн талаас илүү хувьд эмэгтэйчүүдийн тодорхой оролцоо байдаг бөгөөд бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор санхүүгийн үйлчилгээ авах нь тэдэнд тулгарч буй хамгийн том хүндрэл гэж бизнес эрхлэгч эмэгтэйчүүд тодорхойлсоор байгаа билээ.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүгийн болон бизнес зөвлөгөө өгөх үйлчилгээг илүү сайн үзүүлэх тал дээр арилжааны банкуудын чадавхийг нэмэгдүүлэх замаар дутагдаж буй санхүүжилтийн хэрэгцээг хангах нь ОУСК-ийн “Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүд” хөтөлбөрийн гол зорилго юм.

Гарын үсэг зурах ёслолын үеэр ХасБанкны Гүйцэтгэх Захирал Д.Бат-Очир “Цаашид өргөжин хөгжихийн тулд ХасБанкинд шинэчлэл хийх нь нэн чухал. Бид өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх чиглэлээр шинэ алхмуудыг хэрэгжүүлэхээр ОУСК-тай хамтран ажиллахдаа таатай байна” хэмээн энэхүү хамтын ажиллагааны ач холбогдлыг илэрхийлсэн юм.

ЖДҮ-ийн санхүүжилтийн шинэ боломжуудыг эрэлхийлж, эмэгтэй харилцагчдын зах зээлд чиглэсэн стратеги боловсруулан, эрсдлийн удирдлагыг сайжруулах замаар ХасБанкны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нь ОУСК тус банкинд дэмжлэг үзүүлэх болно. Ялангуяа, харилцагчийн менежментийн шинэлэг системийн тусламжтайгаар ХасБанк жижиг, дунд бизнес эрхлэгч харилцагчдаа илүү сайн ойлгож, тэдэнд чиглэсэн ажлуудыг гүйцэтгэх болно.

ОУСК-ийн Хятад, Монгол, Солонгос Улс хариуцсан менежер Хьюн Чан Чо: “Монгол Улсын эдийн засгийн өсөлт хөгжилд эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмэр их юм. Бид ХасБанктай хамтарч ажилласнаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний санхүүгийн хэрэгцээг хангах боломжтой болж байна” хэмээсэн юм.

ОУСК-ийн Бизнес эрхэлж буй эмэгтэйчүүд хөтөлбөр нь 2017 оны 6 дугаар сар гэхэд эмэгтэй эзэнтэй 10 мянга гаруй ЖДҮ-д зориулж 200 орчим сая ам.долларыг зээл хэлбэрээр зарцуулах зорилготойгоор өнгөрсөн онд Зүүн Азид хэрэгжиж эхэлсэн бөгөөд Филиппины Rizal Commercial Banking Corporation нь энэхүү хөтөлбөрийн анхны түнш банк болсон юм.

index

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …