Японы автомашин үйлдвэрлэгч Тоёото компани өнгөрөгч 2013 оны борлуулалтын үзүүлэлтээрээ тэргүүлэн дахин шилдэг гэдгээ батлаад байна. Олон улсын эдийн засагчид 2 дох жилдээ дараалан Женерал Моторс болон Вольксваген компаниудыг ардаа орхин тэргүүлж байгаа Тоёотогийн энэ амжилтанд Японы мөнгөн тэмдэгт Йений ханшны уналт томоохон үүрэг гүйцэтгэснийг онцолсон юм.
Тоёото компани өнгөрсөн 2011 онд борлуулалтын үзүүлэлтээрээ дээрхи компаниудын араас жагсч дэлхийн зах зээлд гуравдугаарт бичигдэж байсан байна. Гэтэл өнгөрөгч оны байдлаар тус компаны борлуулалтын үзүүлэлт өмнөх оныхоосоо 2 хувиар өссөн буюу 9,98 сая автомашиныг худалдаалсан байжээ. Тэгвэл өрсөлдөгч Женерал Моторс компани 9,71 сая автомашиныг борлуулсан бол Вольксваген компани 9,5 сая автомашины худалдаагаар удаалсан байгаа юм. Түүнчлэн Тоёото компаны бас нэгэн үнэмлэхүй амжилтаар түнш улсууд дахь зах зээлийн өсөлтийг нэрлээд байна. Тодруулбал компаны салбарын өсөлт АНУ-ын зах зээлд 7 хувиар, Хятадын зах зээлд 9 хувиар тус тус өссөн гэх судалгаа гарчээ.
Г.Энххишиг