Хөдөө аж ахуйн их сургууль Японы Обихирогийн их сургууль болон JST/JICA байгууллагаас хамтран “Монгол оронд тохиолддог цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношилгооны оновчтой арга боловсруулах нь” сэдэвт судалгааны төсөл хэрэгжүүлэх санамж бичигт ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Обихирогийн ХАА-н Мал эмнэлгийн их сургуулийн захирал Hideyuki Nagasawa гарын үсэг зурлаа.
Энэхүү төслийг тус сургуулийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн болон Обихиро их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төв хамтран хэрэгжүүлэх бөгөөд малд үүсгэгддэг цусны шимэгчээр үүсдэг өвчний хурдавчилсан оношлуурыг Монгол орны нөхцөлд буй болгон нэвтрүүлэх, уг оношлуураа ашиглан өвчний тархалтыг судлахаас гадна судлаачдын мэргэжлийг дээшлүүлэх гэх мэт чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт тусгажээ.
ХААИС нь Японы тус их сургуультай 20 гаруй жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 12 багш, судлаач магистр, докторын зэрэг амжилттай хамгаалан сургууль, хүрээлэндээ хариуцлагатай ажил хийж байгааг сургуулийн удирдлага онцолж байлаа.
Дээрх төсөл нь 5 жилийн хугацаанд 5 сая ам долларын санхүүжилттэйгээр хэрэгжих бөгөөд судалгааны үр дүнгээс гадна мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцоход ч анхаарч байгаа гэв. Төсөл хэрэгжих хугацаанд 5 судлаачийг докторантурт, нийтдээ 30 гаруй судлаачийг урт богино хугацааны сургалтад хамруулж, мэргэжил дээшлүүлэхээр санамж бичигт тусгасан байна.