Манай улс 45 сая гаруй толгой малтай ч иргэдийнхээ сүүний хэрэгцээг дотоодддоо бүрэн хангаж чадалгүй байнга л импортоор сүү сүүн бүтээгдэхүүн оруулж ирдэг.
Уг нь манай улсын сүүний жилийн хэрэгцээ 445 сая литр байдаг бөгөөд малчид жилдээ 407 сая литр сүү саах боломжтой ч үүний зөвхөн 28 орчим хувийг л ашиглан, үлдсэнийг нь гашилгаж муутган хаядаг байна.
Учир нь бэлтгэсэн сүүгээ агуулах, хадгалах сав, байгууламж хомс байдагтай холбоотой аж. Тиймээс энэ жил сүүний үйлдвэрлэлийг дэмжихээр БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хоногт таван тонн сүү хөргөх, хадгалах хүчин чадалтай 50 хөргөх төв байгуулах ажлыг эхлүүлжээ.
Дашрамд дурьдахад, сүүний салбарыг дэмжихээр өнгөрсөн жил “Чингис” бондын хөрөнгөөс 27.7 сая ам.долларыг төсөвлөсөн бөгөөд өнгөрсөн жил бондын хөрөнгөөс 11 аж ахуйн нэгжид 12 төгрөгийн зээлийг олгосон байна. Харин энэ жил үлдэгдэл хөрөнгийг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл, сүүний чиглэлээр ашиглахын тулд импортоор үхэр авахад зориулахаар болжээ.
Мөн одоогийн байдлаар улсын хэмжээнд 1-5 тоннын хүчин чадалтай 10, 10-аас дээш тоннын хүчин чадалтай 10, нэг тонн хүртэл хүчин чадалтай 80 орчим гээд нийт 100 орчим хувийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цех ажиллаж байгаа ажээ. Харин төрийн тодотголтой нэг ч сүүний үйлдвэр байдаггүй юм байна.