Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Д.Баттулга өнөөдөр улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэн, хэлмэгдсэн иргэд болон хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Тэрээр, “Учран золгох морин жилийн босгон дээр та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Төр бол улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэн, хэлмэгдсэн иргэдээ, тэднийхээ гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт хайр энэрлээ үзүүлэх учиртай. Цагаатгалын тухай хууль батлагдан гарснаас хойш улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон төдийгүй сар шинийн өмнө хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон.
Өнгөрсөн оны хувьд нийслэл, дүүргийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос хэлмэгдэгсдийн гэр бүл үр хүүхдэд хуулийн дагуу нөхөн олговор олгох ажлыг шийдвэрлүүлж 30 гаруй иргэнд нөхөн олговор олгосон. Цаашид, цагаатгалын хуулийн хугацаа дууссан учраас сунгуулахаар УИХ-д өргөн барих, хэлмэгдэгчийн үр хүүхдэд нөхөн олговор олгох талаар тодорхой шийдвэр гаргуулахаар ажиллаж байна” гэлээ. Нийслэл, дүүргийн цагаатгалын комиссоос өнгөрсөн онд хэлмэгдэгч, тэдний гэр бүл үр хүүхдүүдийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж 16 сая гаруй төгрөгийн мөнгөн тусламж олгожээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.