Монгол Улсын Засгийн газраас Төрийн орон сууцны корпорациар дамжуулан “Буянт-Ухаа” төслийг хэрэгжүүлж байна. Хан-уул дүүргийн есдүгээр хороонд баригдаж байгаа “Буянт-Ухаа 1” хороололд 1764 айлыг оруулах боломжтой юм.
Энэхүү хороолол энэ оны тавдугаар сард бүрэн ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн байна. Монгол Улсын Засгийн газраас урьдчилсан байдлаар танилцуулсан журамд зааснаар нийт орон сууцны 60 хувийг төрд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад, 40 хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлүүдэд хуваарилна. Орон сууцны барилга нь нэг давхартаа долоон айлтай байхаас нэг өрөө байр 3, хоёр өрөө байр 3, гурван өрөө байр нэг байх ажээ.
Орон сууцны сонголт нь 32-68 метр квадрат талбайтай байх бол нэг метр квадрат нь нэг сая 280 мянган төгрөгийн ханштай байхаар төлөвлөжээ. Журамд тусгагдсан нэг гол заалт нь тухайн орон сууцанд орсон тохиолдолд 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй байх нөхцөлтэй юм байна. Монгол Улсын Засгийн газраас боловсруулж байгаа журамд шалгуурын талаар хэд хэдэн зохицуулалт оруулжээ.
Хамгийн гол нь уг байрыг эзэмшигч бусдад худалдахгүй байх, жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан байх зэрэг шаардлага тавьж байна. Мөн өмнө нь хэрэгжүүлж байсан 4000 айлын орон сууц хөтөлбөр, зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрт хамрагдаагүй, анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэнийг хамруулна гэсэн гол шалгуурыг тавьж байгаа ажээ. Анх удаа гэдгийг мэргэжлийн хүний тайлбарласнаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас лавлагаа авснаар тодорхой болох юм байна.