Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг билгийн тооллын XYII жарны усан могой жилийн зуны дунд сарын шинийн гуравны билэгт сайн өдөр буюу өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Агуйт уулын орчим зохион байгуулахаар болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Бүх цэргийн Их Хар сүлдний дүрэм”-д зааснаар Бүх цэргийн Их Хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг хоёр жил тутам хийдэг. Монгол цэргийн оройн дээд сүлд шүтээн Их Хар сүлд нь эртний түүхэн уламжлалтай. XII-XIII зууны үед цэргийн Их Хар сүлдийг шүтэн тахих ухамсар, сэтгэлгээ тал нутгийн нүүдэлчдийн оюунд гүн бат шингэж, улмаар тэр нь нэгдсэн төр улсын нэг гол билэгдэл болсон түүхтэй.
1990-ээд оноос түүхэн уламжлалт туг сүлдээ бүтээх түмэн олны санаачилга өрнөж, Бүх цэргийн Их Хар сүлдийг шинээр бүтээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1992 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаар зарлигаар Монгол Улсын Бүх цэргийн Их Хар сүлдний дүрмийг баталсан түүхтэй. Энэ цаг мөчөөс хойш Бүх цэргийн Их Хар сүлд нь Монгол цэргийн сүсэглэн бишрэх оройн дээд онгон шүтээн болж, Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид дээдлэн шүтэж, эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагаа нэр төртэй биелүүлж байгаа юм.
Бүх цэргийн Их Хар сүлд бол Монгол төр өнө мөнхөд бат тогтвортой оршин тогтнох баталгаа, монгол цэрэг эрсийн сүр хүч үргэлжид мандан бадрахын билэг тэмдэг юм.