Авто худалдааны цогцолборын эхний ээлж 7 сард ашиглалтад орно

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай, “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай, “Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Налайхад бага оврын цэвэрлэх байгууламж барина
Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах, шинээр бий болгох, ажил, үйлчилгээг гүйцэтгэх эрхийг концессийн гэрээгээр хөрөнгө оруулагчдад олгох замаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг Концессын хуулиар зохицуулдаг. Энэ хуулийн дагуу нийслэлд шинээр барих 2 объектыг концессын гэрээгээр барих тухай асуудлыг  Нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгыг буулгаж суурин дээр нь орчин үеийн шийдэл бүхий загвартай 12 давхар барилгыг барьж 1-5 давхарыг нь нийслэлийн мэдэлд шилжүүлэх эрхийг Концессийн тухай хуулийн дагуу сонгон шалгаруулахад  “Кодем” ХХК  авсан байна.  Концесс эзэмшигч өөрийн хөрөнгөөр эмнэлгийн хуучин барилгыг буулгаж, суурин дээр нь орчин үеийн жишигт нийцсэн, стандартын шаардлага хангасан барилга барьж Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилгын одоо байгаа талбайг нэмэгдүүлсэн хэмжээгээр нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн өгч үлдсэн хэсгийг өмчлөн ашиглана. Энэхүү концессын гэрээ нь 10 жилийн хугацаатай байх юм.
Мөн Налайх дүүргийн 5 дугаар хорооны 8 га газарт 1000 м куб бохир цэвэрлэх хүчин чадалтай бага оврын цэвэрлэх байгууламж барих эрхийг  “Набсон” ХХК авсан байна. Цэвэрлэх байгуулж барьж ашиглалтад оруулах гэрээг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд тухайн компани нь концессын зүйлийн зураг төслийг боловсруулан өөрийн хөрөнгөөр барилга байгууламжийг  барьж, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээс гадна гэрээний хугацаа дуусгавар болоход орон нутгийн өмчлөлд шилжүүлэх юм.
НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд дээрхи компаниудтай Концессын гэрээ байгуулах зөвшөөлрийг олгохоор тогтоол баталлаа.
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийг 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэхэд шаардлагатай төсөл хөтөлбөрийг  санхүүжүүлэх, нийслэлийн иргэдэд стандартын шаардлага хангасан шинэ тээврийн хэрэгслээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, тэдгээрийг дэмжин ажиллах зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд  хөтөлбөр болон  “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-г  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 151 тогтоолоор баталсан юм. Нийтийн тээврийг хөгжүүлэх сан нь нийслэлийн нийтийн тээврийг  хөгжүүлэхэд шаардлагатай төсөл, хөтөлбөрийг  санхүүжүүлэх, стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслийг  үйлчилгээнд нэвтрүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжин ажиллах бөгөөд уг сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.  Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэхээс гадна нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Зөвлөлийн дарга байхаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 151 дүгээр тогтоолд заасан байдаг.

Мөн зөвлөлийн даргын санал болгосноор Зөвлөлийн нарийн бичгийн дарга болон гишүүдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Тээврийн газрын холбогдох албан тушаалтнууд, болон тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага, иргэний төлөөллөөс бүрдсэн есөөс доошгүй гишүүнтэй байхаар 3 жилд нэг удаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаас томилох заалттай юм. Тиймээс энэхүү тогтоолын дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийг 13 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтоолоо.

Авто худалдааны цогцолборын эхний ээлж 7 сард ашиглалтад орно

Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ.  Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян  хурах, Сутай буянт ХХК гэсэн есөн зах  ажиллаж байгаа юм байна.  Ойролцоогоор 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг нь захуудыг чиглэсэн автозамын ачаалал нэмэгдэх гол шалтгаан болдог гэж үзэж байгаа юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 сарын 11-ний өдрийн А/936 тоот захирамж болон Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 сарын 10 –ны өдрийн дугаар 6/6 тогтоолыг үндэслэн СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт “Авто худалдааны цогцолбор” байгуулахаар шийдвэрлэж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргажээ.  “Авто худалдааны цогцолбор” нь сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байх юм. Түүнчлэн авто эскпо явагдах цогцолборын  1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1 438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөсөн байна. Мөн хөдөө орон нутгаас орж ирж байгаа автозамын сүлжээ шинээр төлөвлөж байгаа Авто худалдааны цогцолборт  шууд хүрэх учраас хотын төвийн замын ачаалал буурна гэж тооцжээ. Авто худалдааны төв орчим нийтийн тээврийн хөдөлгөөний чиглэл одоогоор байхгүй бөгөөд 22-ын товчооноос 1,3 км зайд нийтийн тээврийн эцсийн зогсоол байршуулах боломжтой юм. Цогцолбороор үйлчлүүлэх иргэдэд зориулан Улсын дугаарын тоо бүртгэлийн газрыг Авто худалдааны төвд барих оффисын барилгад байршуулахаар төлөвлөсөн байна.

Таван жилийн хугацаанд цогцолборыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бол энэ жилийн наадмаас өмнө 14 000 автомашины  талбай бүхий газрыг хатуу хучилттай болгож ашиглалтад оруулах юм байна. Эдгээр зогсоолуудыг аж, ахуйн нэгж иргэдэд тогтоосон төлбөртэйгээр эзэмшүүлнэ. Зогсоолын хэмжээнээс шалтгаалан иргэн, аж ахуйн нэгжүүдэд худалдах үнэ нь 4-9 сая төгрөг байх юм. Үүнээс олсон орлогоороо Авто худалдааны цогцолборын бусад бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм байна. Авто худалдааны чиглэлээр зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд шинэ цогцолборт  давуу эрхээр зогсоол эүэмшүүлэхээр төлөвлөж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд,  Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Мөн Авто худалдааны төвийн ашиглалт, үйл ажиллагааг хариуцах орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулан, дүрмийг баталлаа. Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэн үйл ажиллагаагаа явуулах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …