Дэлхий дээрхи ер бусын чадвартай 10 хүн

 1. “Бүгдийг иддэг” Майкл Лотито

Майкл Лотито гэгч франц эр 1950 онд төрсөн. Өөрийн гайхамшигтай чадвараа есөн настайдаа анх нээн, телевизор идэж эцэг, эхээ үхтэл нь айлгажээ. 16 настайгаасаа тэрбээр мөнгөний төлөө хүмүүсийг зугаацуулж төмөр, шил, резин идэх болсон байна. Идэх зүйлээ жижиг хэсгүүд болгон хувааж бэлтгээд, ус уунгаа тэдгээр зүйлсийг залгидаг аж. Нэг удаа Майкл бүр “Сессна-150” гэдэг онгоц иджээ. Өдөрт онгоцноос нэг килограммыг идэж, хоёр жилийн дотор дуусгажээ. Лолитогийн гэдэсний хана жирийн хүнийхээс хоёр дахин зузаан учир өдий хүртэл амьд байгаа гэсэн дүгнэлтийг эмч нар гаргасан байна.

 2. Хүн-соронз Лив Тоу Лин

Малайзын 70 настай Лив Тоу Лин гэгч хөгшин биеийнхээ төмөр эдлэл соронздох чадвараа ашиглан авто машин чиржээ. Машиныг холбосон төмөр гинж түүний биед “наалдчихсан” байна. Нэг удаа тэрбээр хэдэн төмөр хавтан аваад гэдсэн дээрээ босоогоор байрлуулжээ. Гэтэл тэдгээр төмрүүд яг л наачихсан юм шиг огт унахгүй байсанд өөрөө ихэд гайхсан хэмээн Лив ярьсан аж. Ингэж тэрбээр өөрийнхөө төмөр эдлэлийг сорноз шиг татдаг гайхамшигтай чадвараа мэдсэн байна. Түүний энэ чадвар гурван хүү, хоёр ачид нь уламжлан очжээ. Эрдэмтэд Ливийн энэ гайхамшгийг тайлбарлах гэж толгойгоо гашилгаж байна. Малайз эрийн эргэн тойронд соронзон талбай байхгүй. Дээр нь түүний арьс бусдын адил хэвийн аж.

3. Унтдаггүй Тай Нгок

64 настай Тай Нгок гэгч вьетнам эр 1973 онд халуун чичиргээ өвчнөөр өвдөж эдгэрснээс хойш унтана гэдгийг мартжээ. Тэр үед тэрбээр 11700 шөнө унтаагүй аж. “Нойргүй байх нь хүний биед ямар нөлөөтэйг би мэдэхгүй. Гэхдээ би эв эрүүл, бусдаас дутахгүй аж ахуйгаа эрхэлж байна” гэж тэрбээр ярьжээ. Үүний нотолгоо нь Нгок өдөр бүр 50 килограммын хоёр шуудай бордоог гэрээсээ нэлээд хэдэн километрийн зайд зөөдөг. Саяхан нойргүй хоносон гурван сарыг газар шорооны ажилд зарцуулжээ. Тэрбээр загас үржүүлэхийн тулд хоёр том нүх ухсан байна. Эмч нар түүний биед үзлэг хийхэд бөөр нь бага зэрэг үрэвсэлтэйгээс өөр ямар нэг өвчин илрээгүй аж.

 4. Зэрлэг амьтан номхотгогч Кевин Ричардсон

Зэрлэг амьтан судлагч мэргэжилтэй, 32 настай Кевин Ричардсон Өмнөд Африкийн дархан цаазат газар ажилладаг. Тэрбээр бүхий л шөнийн турш огтхон ч айлгүйгээр арслангийн өвөрт унтаж чадна. Гепард, леопард ч түүнийг өөрсдийнхөө нэг юм шиг л хүлээн авдаг. Урьдчилан төсөөлөх аргагүй ааш зантай эм цөөвөр чоно түүнийг гөлөгнүүдийг нь гар дээрээ авахыг хүртэл зөвшөөрдөг. Араатан амьтдыг номхотгогч  Ричардсон үүнийгээ зөн билэгтэйгээ холбон тайлбарладаг. “Хэрвээ ямар нэг зүйл биш байна гэдгийг мэдэрвэл би хэзээ ч араатанд ойртдоггүй. Бас ямар нэг саваа мод, олс хэрэглэдэггүй. Хамгийн гол нь асар их тэвчээр хэрэгтэй” хэмээн Кевин ярьжээ.

5. Бүлтгэр нүдэт Клаудио Пинто

Бразилийн Белу-Оризонти хотын иргэн 48 настай Клаудио Пинто нүдээ урагшаа дөрвөн сантиметр хүртэл бүлтийлгэн гаргаж чаддаг. Өөрөөр хэлбэл, нүднийхээ 95 хувийг ухархайнаасаа гаргаж чаддаг гэсэн үг. Тэрбээр олон удаа эмнэлгийн үзлэгээр орсны эцэст эмч нар өмнө нь хэзээ ч ийм чадвартай хүн үзээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. “Бурхнаас заяасан энэ бэлгээр би хөнгөхөн мөнгө олж чадна. Гэхдээ би тэр мөнгөтэй, мөнгөгүй аз жаргалтай байна” хэмээн Клаудио өөрийнхөө гайхамшгаар бахархан ярьдаг аж.

 6. “Резинэн” биетэй Даниэль Смит

Даниэль Гибсон таван удаа Гиннесийн дээд амжилтын эзэн болж байсан. “Резинэн” хүн дэлхийн хамгийн уян бас алдартай акорбатчин. Даниэль бүр дөрвөн настайгаасаа биеэ янз бүр болгож эхэлсэн бөгөөд 18-тайдаа циркт ажиллах болжээ. Тэрбээр ямар ч хүндрэлгүйгээр газрын теннисний цохиур, жорлонгийн суултуур дундуур гарч, биеэ итгэхийн аргагүйгээр орооцолдуулж, эвхэгдэж чемоданд багтаж чадна. Эмч нар түүний энэ гайхамшигтай чадварыг төрөлхийн гэж үздэг ч өөрөө үүнийгээ дээд хэмжээнд нь хүртэл хөгжүүлсэн аж.

 7. Хэлээрээ “хардаг” Бен Андервуд

Бен Андервуд АНУ-ын Калифорни мужийн Сакраменто хотод амьдардаг. Түүнийг гурван настай байхад нь эмч нар “торлогийн хавдар” гэсэн онош тавьж хоёр нүдийг нь  мэс заслын замаар авчээ. Гэвч тэрбээр хэлнийхээ тусламжтайгаар жирийн хүн шиг амьдарч байна. Бен хэлээ огцом хөдөлгөн ойр орчим дахь биетэд ойн эргэн ирдэг долгион цацруулдаг. Эргэн ирсэн долгионыг хүлээн авснаар орчин тойрноо маш сайн баримжаалдаг аж. Яг л сарьсан багваахай шиг.

 8. Хүн-тоо Даниэль Таммет

Даниэль Таммет 1979 оны нэгдүгээр сарын 31-нд Их Британид төрсөн. Бүр хүүхэд байхаасаа л арифметикийн маш хэцүү бодлогын хариуг яг л байгалийн зураг мэт “хардаг” хэмээн батлан ярьдаг аж. Түүний ой ухаанд 10 мянга хүртэл тоо өөрийн гэсэн хэлбэр хэмжээ, өнгө төрхтэй хадгалагдаж байдаг. Жишээ нь 1-ийн тоо гэхэд тод  цагаан, 89 яг л унаж буй цас шиг гэх мэт. Таммет Пи тооны Европын дээд амжилтын эзэн. Тэрбээр цээжээр таслалын арын 22514 тоог хэлжээ. Түүнээс гадна Таммет Европын 10 болон эсперанто хэлээр чөлөөтэй ярьдаг.

9. Шүдний хаан Радхакришнан Велю

Малайз үндэстэн Радхакришнан Велю шүдээрээ тээврийн хэрэгсэл чирэх дадлага байнга хийдэг. 2007 оны наймдугаар сарын 30 буюу Малайзийн тусгаар тогтнолын өдрөөр тэрбээр шүдээрээ 297 тонн жинтэй зургаан вагон бүхий галт тэргийг 2.8 метр газар чиржээ. Дэлхий дээр өөр хэн ч ийм амжилтыг үзүүлээгүй байгаа. Нутгийн хүмүүс энэ супер эрийг “Шүдний хаан” гэж нэрлэдэг аж. Түүний шүдний энэ их хүч чадал, бат бэх байдалд юу нөлөөлдөг юм бол. Радхакришнан үүнд байнгын бясалгал, өдөр бүрийн 25 километрийн гүйлт, 250 килограммын штанг өргөлт, эрүүний тусгай дасгал тусалдаг хэмээн ярьжээ.

10. Биеэ тамлагч Тим Кридланд

Тим Кридланд бол өвчнийг огт мэдэрдэггүй хүн. Сургуульд байхдаа Тим огтхон нүд цавчихгүй гар руугаа хадаас зоож, ямар ч халуун, хүйтнийг тэсвэрлэж чаддагаараа ангийнхныгаа алмайруулдаг байсан аж. Одоо тэрбээр “Замора-Тамлалын хаан” тайзны нэртэйгээр олны өмнө аймшигт үзүүлбэр үзүүлэх болжээ. Үзэгчдийн нүдэн дээр Тим хурц сэлэм залгиж, хүзүү, хацар, гараа төмрөөр нэвт сүлбэдэг. Заримдаа тэрбээр олс залгиад, тэрийгээ төмөр хавчаар болон мэс заслын хутганы тусламжтайгаар тайзан дээр гаргаж ирнэ. Шинжлэх ухааны туршилтаар түүнийг жирийн хүнээс хэд дахин илүү өвчин тэсвэрлэх чадвартай болохыг тогтоожээ.

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …