Сүүлийн өдрүүдэд улстөрийн болон тусгай албадын удирдлагуудад холбогдох хэргүүд ар араасаа илэрч байгаа билээ. Тэдний нэг болох ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг гадаадын иргэний хэрэгт холбогдуулан Цагдан хорих 461-р ангид саатуулсан.
Цагдаагийн байгууллагаас Д.Цогтбаатарыг ХБНГУ-аас манай улсад ирсэн их хэмжээний мөнгөтэй ирсэн Герман иргэнтэй ойр дотно холбоотой байсан. Герман иргэн сураггүй болсон учир түүнийг холбогдуулан шалгаж байгааг мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр түүний эхнэр Ч.Мандах, өмгөөлөгч Г.Наранбаатар нар мэдээлэл хийлээ.
Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах: “Миний нөхрийг баривчлаад найм хонолоо. Хуулийнхан миний ханийг ар гэрийхэнд нь дуулгалгүй, хувцсыг нь солиулалгүй цагдан хорьсон. Хариуцлагатай алба хашдаг, оршин суух хаяг нь тодорхой хүнийг заавал барьж хорилгүй гадуур шалгаж болох л байсан. Д.Цогтбаатар төрийн нууц задалсан гэх хэрэгт өөрөө сайн дураараа албан тушаалаасаа түдгэлзэн шалгуулсан. Уг хэргийг нь хэрэгсэхгүй болгосон ч огт өөр залилангийн хэрэгт сэжиглэн баривчлан хорьсон” гэв.
Мөн тэрбээр цаашдаа нөхрийг нь үргэлжлүүлэн хоривол холбогдох баримтуудыг дэлгэнэ гэж мэдэгдлээ.
А.ТЭМҮР