2014 онд ерөнхий боловсролын сургуулийн 11-р анги төгсч буй сурагчдын ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 5-наас дөрөвдүгээр сарын 21-нийг хүртэл 76 хоног үргэлжилнэ.
Энэ жил ЕБС-ийг нийт 34 мянга гаруй төгсөгч төгсөнө. 2013 оны Засгийн газрын 37-р тогтоолын дагуу ЕБС төгсөгчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчид монгол хэл, бичгийн шалгалт өгснөөр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхтэй болох юм.
Энэхүү шалгалтанд ямар нэгэн босго оноо тавихгүй бөгөөд үндэсний хэмжээнд сурагчдын монгол хэл, бичгийн хэрэглээний түвшин ямар байгаа талаар чанарын үнэлгээ хийхэд гол зорилго нь оршиж байгаа юм. Харин ирэх хичээлийн жилээс монгол хэлний шалгалтад босго оноо тавьдаг болох аж.
Үүнээс гадна БШУЯ-аас 2014 онд монголын их, дээд сургууль, коллежид элсэн суралцагсдад элсэлтийн ерөнхий шалгалтдаа 400-аас дээш оноо авсан байх гол шалгуур тавьдаг болж байгаа юм байна. 2013 оны тайланд тусгаснаар өнгөрсөн жилийн нийт шалгуулагчдын 85 хувь нь элсэлтийн ерөнхий шалгалтдаа 400-аас дээш оноо авсан байна. Тиймээс өнөө жилийн шалгуулагчид биеэ дайчлан шамдаж чадвал өнгөрсөн жилээс тоо нь өсөх магадлалтай юм. Ер нь тухайн шалгуулагч гүйцэтгэх ёстой даалгаврынхаа 25-35 хувийг хийж чадснаар 400 оноо авах боломж бүрддэг юм байна.