Шүлхий өвчний өнөөгийн цагийн байдалд иргэд сэтгэл амрах болоогүй л байна. Дорноговь аймгийн төв Сайншанд орчимд шүлхий өвчний голомттой хэвээрээ байгаа тул Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар-Замын-Үүд, Сайншанд-Хамрын хийд чиглэлийн авто замаар суудлын автомашин болон “В” ангилалд хамаарах ачааны автомашинтай зорчихгүй байхыг иргэд, жолооч нарт ОБЕГ-аас анхааруулжээ. Энэ чиглэлд суудлын галт тэрэг ердийн цагийн хуваарийн дагуу явж байгаа бөгөөд Сайншанд, Замын-Үүд, Эрээн рүү галт тэргээр зорчих нь зөв гэж үзсэн байна.
Шүлхий өвчний халдвараас сэргийлэхийн тулд нийслэл болон найман аймагт нийтдээ 297 хяналтын цэгт гаргаад байгаа аж. Эдгээр цэгүүдэд 1410 хүн, 285 тээврийн хэрэгсэлтэйгээр 24 цагаар ээлжлэн хяналт тавьж байна. Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний постоор хот руу нэвтрэх гэж байсан ачааны машиныг арав хоног саатуулсан бөгөөд Дорнодоос 10 гаруй тонн малын арьс, шир ачиж явжээ. Шүлхий тархаад ийм олон хоног дуулиан шуугиан дэгдэж байхад энэ мэт хэнэггүй, хувиа боруулахыг төлөө улайрагчид гарсаар байгаа ажээ.
Д.Үүлэн