Гашуунсухайт боомт 4 дүгээр сарын 1-нээс шинэ зохицуулалтаар ажиллана

Экспортын гол хаалга болсон Гашуунсухайт боомтод шинэчлэл хийж байна

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг өчигдөр өмнөд хилийн Гашуунсухайт-Ганцмодны боомтуудад ажиллаад ирлээ.

Бизнесийн үйл ажиллагаанд төрийн байгууллагуудаас учруулдаг төвөг саадыг арилгахад чиглэсэн Шинэчлэлийн Засгийн газрын цогц ажлын нэг хэсэг нь хил гаалийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох. Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-аар Хилийн боомтын тухай шинэ хууль батлуулж, хил гаалийн үйлчилгээг эрх зүйн тодорхой зохицуулалттай болгосон. Тус хуульд орон тооны бус Хилийн боомтын үндэсний зөвлөл байгуулах, түүний ажлын алба нь Боомтын нэгдсэн захиргаа байхаар заасан юм.

Хилийн боомтын шинэчлэлийг Монгол, Хятад хоёр улсын гадаад худалдааны гол хаалга болсон Гашуунсухайт-Ганцмодны боомтоос эхэлж байгааг Үндэсний зөвлөлийн дарга Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг онцолж байв. Өндөр ачаалал үүрдэг энэ боомтын үйл ажиллагаанд оновчтой зохион байгуулалт хийснээр Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний худалдаа нэмэгдэнэ.

Өнгөрсөн онд манай улс 18 сая тонн нүүрс экспортолсны 60 гаруй хувийг буюу 10 сая гаруй тонн нүүрсийг Гашуунсухайт боомтоор гаргасан байна. Энэ боомтоор мөн 65 мянган тонн зэсийн баяжмал экспортлогджээ. Гэхдээ эдгээр үзүүлэлт нь өмнөх оноос 10 гаруй хувиар буурсан дүн юм. Хил дээр үүсдэг түгжрэл, ачаалал, олон шат дамжлага нь экспортын хэмжээ буурахад багагүй нөлөөлж байна гэж холбогдох байгууллагуудаас дүгнэсэн. Энэ онд Монгол Улс өмнөх жилийнхээс хоёр дахин илүү хэмжээний нүүрс экспорлох зорилт тавьсан тул Гашуунсухайт боомтын хүчин чадлыг эрс нэмэх шаардлагатай. Үүнээс гадна Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч онд БНХАУ-д айлчлах үеэрээ ирэх 20 жилд өмнөд хөрш рүү 1 тэрбум тонн нүүрс экспортлох хэлэлцээр хийсэн тул хилийн гол гол боомтуудын хүчин чадлыг нэмэх шаардлагатай байгаа юм.

Гашуунсухайт боомт 4 дүгээр сарын 1-нээс шинэ зохицуулалтаар ажиллана

Энэ боомтод олон өөрчлөлт хийгдэж байна. Бүртгэл, хяналт, шалгалтын шат дамжлагыг цөөлж, өдөр тутмын үйл ажиллагааг хялбарчлахад чиглэсэн энэ шинэчлэлийг маш богино хугацааны дотор хийж байгааг холбогдох байгууллагууд тодотголоо.

Хил, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн дөрвөн байгууллагын ажлыг ганц кнопонд нэгтгэсэн шинэ программыг ердөө долоон хоногийн дотор бэлэн болгож, энэ даваа гарагаас эхлэн туршилтаар ажиллуулж байна. Энэ программ гааль дээр хийдэг 10 шат дамжлагыг халж, цаасаар хэвлэж, биечлэн зөөдөг ажлыг бүрэн цахимжуулжээ. Ингэснээр өмнө нь хагас цагт амждаггүй байсан ажил ердөө ганцхан минутанд багтдаг болсон гэж боомтынхон хэллээ. Шинээр 10 зурвас бүхий зам ашиглалтад оруулснаар одоо ачаа тээвэрлэлтийг хилээр нэвтрүүлэх 12 замтай, өдөрт 1500 машин нэвтрүүлэх хүчин чадалтай болжээ. Хяналтын 4 тавцан байрлуулсан тул гааль дээрх хүлээгдэл ч буурна гэж байна. Мөн ачаа тээврийн жолооч нарын виз, бүртгэлийг бүрэн цахимжуулж, машин дотроосоо хурууны хээгээ уншуулаад хилээр нэвтрүүлдэг болгохоор ажиллаж байна. Гашуунсухайт боомтод хийж буй энэ мэт шинэчлэлийн ажлуудыг 3 дугаар сарын 15 гэхэд бүрэн дуусгаж, 4 дүгээр сарын 1-нээс шинэ зохицуулалтаар ажиллаж эхэлнэ.

Үүнээс гадна өмнөд хилийн боомтод дэд бүтцийн том бүтээн байгуулалт хийгдэж байна. Уурхайнуудаас боомт хүртэл хатуу хучилттай автозамууд тавьсан,  одоо боомт хооронд ачаа тээврийн төмөр зам барьж эхлээд байна. Боомтод ажиллах үеэрээ ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг үдээс өмнө бүтээн байгуулалтын эдгээр ажлын явцтай танилцсан юм.

Ганцмодны боомттой хамтран ажиллах асуудлуудыг тодорхойллоо

Дотооддоо шийдсэн дээрх асуудлуудаас гадна Хятадын талын Ганцмодны боомтод харилцан зохицуулах хэд хэдэн асуудал байна гэж холбогдох байгууллагуудын удирдлагууд үзэж байна. Хятадын талтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ Ч.Сайханбилэг сайд холбогдох байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай ярилцаад Хятадын талтай дөрвөн чиглэлээр зөвшилцөх нь зүйтэй гэж үзлээ.

–       Ачаа тээврийн машинууд боомт дээр хонон өнжин дугаарладаг байдлыг халахад цахимжуулсан систем нэвтрүүлж, шат дамжлагыг цөөлсөн нь хангалтгүй. БНХАУ-ын Ганцмодны боомт 11:00-14:00 цагт завсарладаг, 17:30 цагаас хойш Оюутолгой ХХК-ийн зэсийн баяжмалыг хүлээж авдаггүй зэрэг нь хилийн наана урт цуваа үүсгэдэг гол шалтгаан болж байна. Иймд хоёр талын боомтын аль аль нь эхний ээлжинд үдийн завсарлагагүй ажиллаж, цаашид 24 цагаар ажиллах боломж бүрдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ боомтын ажлын цагийг уртасгахдаа ажилтны тоог нэмэхгүйгээр, дотооддоо зохион байгуулалт хийж болно гэж тогтлоо.

–       Манай талын боомт 12 замаар, Ганцмодны боомт 8 замаар нэвтрүүлж байгаа нь хил нэвтрэхэд түгжрэл үүсгэдэг. Түүнчлэн, Хятадын талын нүүрсний агуулах хүртэлх зам нь хашсан нарийн зурвас байдаг тул гаалийнхны нэрлэдгээр “нарийн зам” үүсдэг аж. Ийм нарийсал түгжрэл үүсгэхгүйн тулд Ганцмодны боомтын нүүүрс тээвэрлэдэг замын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай юм.

–       Ганцмодны боомт дээрх бүртгэл, хяналтын ажил Гашуунсухайтын адил цахим хэлбэрт шилжвэл үйлчилгээ илүү шуурхай болно. Хятадын тал энэ талаар санаачилгатай ажиллах хэрэгтэй байна.

–       Хоёр улсын ачаа тээвэрлэлтэд төлбөр хураамжтай холбоотой гомдол байнга гардаг. Хууль болон хэлэлцээрээр тогтоосон албан ёсны татваруудаас гадна ӨМӨЗО-ы Баяннуур аймаг (Ганцмодны боомт оршдог)-аас  орон нутгийн шинжтэй нэмэлт төлбөр, хураамжууд авч байгаа нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт үзүүлж байна. Тухайлбал, нүүрснээс тонн тутамд нь байгаль орчны хураамжид 20 юань, зам ашигласны төлбөрт 4 юанийг Баяннуурын захиргаанаас авдаг байна. Монголын тал зарим төрлийн төлбөр хураамжийг тэглэж байгаа юм. Хоёр талд авдаг энэ мэт төлбөр, хураамжийн талаар хоёр тал харилцан ойлголцох, цэгцлэх шаардлагатай байна.

Боомтын асуудлаар Хятадын талтай зөвшилцлөө

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан ажлын хэсэг үдээс хойш Ганцмодны боомтод ажиллаж, БНХАУ-ын талын холбогдох албаныхантай ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтад ГЕГ-ын дарга О.Ганбат, МХЕГ-ын дарга Д.Батмөнх, Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Б.Алтанхүү, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолун зэрэг албаныхан болон Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн ерөнхий захирал Я.Батсуурь, Энержи ресурс ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал, гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, орон нутгийн Тавантолгой ХК-ийн захирал Р.Сэддорж, Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн дэд дарга Д.Даваадорж нар энэ боомтоор нүүрс, зэсийн баяжмал экспортолдог гол дөрвөн компанийг төлөөлөн байлцлаа. Хятадын талаас ч мөн төр, хувийн хэвшлийн олон шатны төлөөлөл уулзалтад оролцсон юм.

Уулзалтын үеэр Монголын талаас тавьсан дээрх дөрвөн чиглэлээрх саналын заримыг газар дээрх нь шийдвэрлэж, харилцан тохиролцоонд хүрсэн юм.  Хятадын тал Ганцмодны боомтынхоо ажиллах хуваарьт өөрчлөлт оруулж, цайны цагийг халж, боомтын нэвтрүүлэх хүчин чадлаа нэмж, хоёр боомтын “цахимжсан” хамтын ажиллагааг санал нэгтэй дэмжлээ. Харин 24 цагаар тасралтгүй ажиллах, төлбөр хураамжийг хасах зэрэг асуудлыг Засгийн газрын түвшинд ярилцаж, тодорхой шийдвэр гаргуулахаа ӨМӨЗО-ы Худалдааны танхимын дарга Сүн Видун мэдэгдлээ. Түүнчлэн, Монголын талаас авах нүүрс төлөвлөснөөр бага байгаа тул импортын хэмжээг нэмэгдүүлэх, Монголоос импортолдог нүүрс бусад орныхоос харьцангуй өндөр үнэтэй байдаг тул тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулахад дэмжлэг үзүүлэхийг Монголын талаас хүслээ.

Монгол Улсын Засгийн газар хил, гаалийн үйл ажиллагаандаа дорвитой шинэчлэл хийж эхэлсэн, энэ чиглэлийн ажлыг хариуцаж, асуудлуудыг шийдвэрлэж байх байнгын ажиллагаатай механизмтай болж байгааг Ч.Сайханбилэг сайд онцлоод, цаашид хоёр улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэж шийдвэрлэх асуудлуудад анхаарлаа хандуулахаа хэллээ. Түүнчлэн шинэ батлагдсан хуулийн дагуу 4 дүгээр сарын 1-нээс Хилийн боомтын нэгдсэн захиргаа ажиллаж эхлэх хүртэл энэ асуудлын араас хяналт тавьж, хариуцаж ажиллахыг хоёр орны Элчин сайдуудад даалгалаа  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …