Бидний хайртай хүү, дотны анд, эрхэм дотны хүн Мягмаржав овогтой Батдорж 2013 оны зургадугаар сарын 11-нд хүнд өвчний улмаас цэл залуугаараа таалал төгсч, нөхөж баршгүй хүнд гарз, уй гашуу тохиолдлоо. Тэрээр 1981 он Улаанбаатар хотод төрж 1998 онд нийслэлийн 33 дугаар сургууль, 2002 онд “Отгонтэнгэр” их сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр дүүргэж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн нэгэн байлаа. Тэр цаг мөчөөс эхлэн Монголын орчин үеийн сэтгүүлзүйн мэргэжлийн гал тогоонд тасралтгүй 11 жил ажиллахдаа өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц арга барил, орон зайгаа тод тархлан бий болгож чадсан юм. Ялангуяа хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдлыг эрхэмлэж, шударга үнэний дууч болсон, олон нийтийн талархлыг хүлээсэн авъяас билигтэй нэрт сэтгүүлч байлаа.
М.Батдорж 2002 оноос эхлэн “Ийгл” телевизийн Мэдээний албаны сурвалжлагчаар ажлын гараагаа эхэлж, МҮОНТ-ийн “ММ” агентлагт мэдээний редактор, “Ийгл” телевизийн ахлах редактор, тоймчоор үр бүтээлтэй ажиллажээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг Монголын төр үнэлж 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын 20 жилийн медаль, Монголын сэтгүүлчдийн эвлэлээс 2009 онд “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол, 2011 онд Монголын телевизүүдийн холбооны оны дээд шагнал “Алтан шонхор” шагналаар шагнан урамшуулж байв. Тэрээр мэргэжлийн сэтгүүлзүйд 11 жил ажиллахдаа эх орныхоо өнцөг булан бүрт хүрч ажиллан олон нийтийн дуу хоолой болж үнэнийг мэдээлэх үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн юм.
Талийгаачийн ажилч хичээнгүй, шударга, эгэл даруу, нөхөрсөг, тууштай зан занар бид бүгдийн зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.