НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмыг НИТХ-ын 2013 оны 3/31 дүгээр тогтоолоор хэлэлцэн баталсан бөгөөд журмын дагуу Улаанбаатар хотын 20 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл эхлээд байгаа юм.
Хуучин журам нь 6 бүлэг 77 зүйл заалттай байсан бол нэмэлт өөрчлөлт орсноор 6 бүлэг 110 зүйл заалттай болсон. Журамд нэмэлт өөрчлөлт оруулснаар одоо хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үйл ажиллагааны хугацаа, дарааллыг нарийвчлан, зарим нэр, томъёо илүү ойлгомжтой болсон гэж холбогдох албаныхан онцолж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.