Зүүн бүсийн аймгуудад тархаад байгаа шүлхий өвчнийг устгахад манай вакцин хүрэлцээгүйн улмаас Хятад, ОХУ-аас тусламж хүссэн билээ. Тусламжийн цувааны түрүүч өнгөрсөн баасан гаригт ирсэн ч, хөлдсөн вакцин иржээ. ОХУ-аас уржигдар 9,3 сая тун тарилга оруулж ирсэн. Энэ нь 17-18 мянган богийн вакцин гэсэн үг.
Харин Хятадаас 1,6 сая тун вакциныг галт тэргээр оруулж ирсэн байна. Гэтэл зориулалтын бус, сэнсгүй, агаарын хэм хэмжигчгүй чингэлгээр оруулж ирсэн вакцин хөлдөж, зайрмагтжээ. Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн мэргэжилтнүүдийн хэлснээр, SVS /СВС/ компанийн оруулж ирсэн энэ вакцин замдаа 30 цаг, ирсэн хойноо бараг 24 цагийн турш -25 орчим хэмийн хүйтэнд байснаас болж ийм зүйл болсон байна гэв. Хамгийн осолтой нь вакцины омог нь тодорхойгүй, бичиг баримт дутуу байгаа зэрэг нь туйлын аюултай юм байна. Үүнтэй холбоотойгоор өнгерсөн баасан гаригт МХЕГ, УМЭҮГ, ҮХААЯ, Төв лаборатори хамтарсан хурал хийж, дээрх тарилгуудыг хэрхэх талаар хэлэлцжээ. Гэсэн ч тодорхой хариу гараагүй байна.
Уг нь вакцины тээвэр онцгойд тооцогдож, зориулалтын доторлогоотой, зохистой хэмийг хадгалдаг горимтой, тусгай сэнс, агааржуулагчтай чингэлгээр зөөх ёстой. Гэтэл дээрх вакциныг авчирсан чингэлгийн эдгээр төхөөрөмж ажиллагаагүй байсан гэнэ. Ингээд асар их мөнгө зарж байж авчирсан вакцинуудыг хөлдөөж орхижээ.
Д.Үүлэн