Хүүхдийн тоглоомоос хар тугалга илэрчээ

-Хүүхдүүдийн маань өхөөрдөн хайрладаг тоглоомоос хар тугалга, цайр, хром, хөнгөн цагаан илэрснийг иргэдэд анхааруулж байна-

index“Хүүхдийн тоглоомоос хорт бодис илэрчээ”, “БНХАУ-д эмнэлгийн хаягдлаар хүүхдийн тоглоом хийж байна”, “Хүүхдүүд хавдраар өвчилж байгаа гол шалтгаан тоглоомноос нь үүдэлтэй” гэсэн мэдээллүүд юунаас ч илүү цочирдмоор сонсогдоно. Идсэн хүнс, өмссөн хувцас, амьсгалсан агаар, одоо тоглосон тоглоомноосоо хүртэл хүүхдүүд хордох эрсдэл их байдаг болжээ.

Тоглоом бөөнөөр худалдаалж, нийлүүлдэг “Нарантуул” захын хүүхдийн тоглоомын тасагт “хор”-гүй тоглоом зардаг болов уу. Тэнд худалдаалж байгаа хэдэн арван  төрлийн тоглоомуудыг хэн эрүүл мэндийн “үзлэг”-т оруулдаг бол!?

Хүүхдийн тоглоом зардаг худалдагчид энэ асуултыг тавихад “Олон жил хүүхдийн тоглоом худалдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр л тоглоомоос хорт бодис илэрлээ гэж мэдээлдэг болохоос нэг ч мэргэжлийн хүн ирж, шалгалт хийж, бидэнд мэдээлэл өгч байгаагүй. Чухам ямар тоглоом нь хүүхдэд хортой болоод байгааг мэдэхгүй” гэж хариуллаа. Тэд мөн “Хорт бодис илрээд байгаа тоглоомуудын төрөл, загварыг мэргэжлийн хүмүүс зааварлаж, мэдээлэл өгвөл Хятадаас заавал тоглоом авчирч худалдахгүй байх боломжтой” гэсэн байр суурьтай байв.

Тоглоомоос илэрч байгаа хорт бодисууд гэж юуг хэлээд байна вэ? Нээрээ л худалдаачид төдийгүй эцэг, эхчүүд бид ч ямар тоглоомоос хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хорт бодис илэрсэн талаар тэр бүр мэдээлэлгүй байдаг юм байна. Хүүхдүүдийн маань өхөөрдөн хайрладаг тоглоомоос хар тугалга, цайр, хром, хөнгөн цагаан илэрснийг иргэд тэр бүр анзаараагүй явдаг байна.

Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлалын албаны дарга С.Өнөрсайхантай уулзаж, энэ талаар тодрууллаа.

-Зах, худалдааны төвүүдэд хийсэн шалгалтаар хүүхдийн тоглоомоос хорт бодис илэрсэн юм байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Гурав хүртэлх насны хүүхдүүд тоглоомоо амандаа хийж тоглодог учраас тоглоомынх нь хорт чанарыг лабораторийн шинжилгээ хийж, судлах шаардлагатай байдаг. Манай төвөөс зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж байгаа хүүхдийн тоглоомын аюулгүй байдал, чанар, хорт бодис агуулсан эсэхийг саяхан судалж үзсэн. Судалгаагаар есөн худалдааны төвд худалдаж байсан 62 төрлийн тоглоомоос 23 төрлийн химийн элемент, таван төрлийн химийн хорт бодис илэрснийг тогтоогоод байна. Хүүхдийн тоглоомын бүтэц найрлагад огт байх ёсгүй хар тугалга, цайр, хром, хөнгөн цагаан зэрэг хорт бодис судалгаанд оруулсан тоглоомоос илэрсэн. Ялангуяа хар тугалга бол хүүхдийн тоглоомны найрлагад байх ёсгүй, хорт чанартай бодис. Одоо бид энэ шинжилгээний хариуг ЭМЯ-нд хүргүүлээд байгаа.

-Ямар тоглоомоос дээрх хорт бодисууд илэрсэн бэ?

-Дээрхи хорт бодисууд нь тоглоомыг өнгө оруулж, гялгар, өнгө үзэмжтэй болгодог бөгөөд тод өнгөтэй, резинэн материалтай тоглоомуудад ихэвчлэн илэрсэн. Усан дотор хийж тоглодог нугас, дэгдээхэй, хүүхдийн хазаж тоглодог зөөлөн тоглоом, наймаалж зэрэг хэлбэрт тоглоомуудад ихэвчлэн хорт бодисны агуулгатай байсан. Чихмэл тоглоомууд ч гэсэн нян, тоосонцор агуулж байдаг тул бага насны хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

images-Химийн найрлагатай тоглоомууд хүүхдийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Хүүхдэд шууд нөлөөлөхгүй. Аажмаар сөрөг нөлөө үзүүлж, хордуулдаг. Хүүхэд цочимтгой, унтамтгай болж, цаашлаад төв мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж, архаг хордлогод оруулах аюултай байдаг.
Хүүхдэдээ ямар тоглоом авч өгөх вэ?

Харамсалтай нь, мэргэжлийн хүний “хортой” хэмээн тодорхойлсон тэдгээр тоглоомууд “Нарантуул”, “Бөмбөгөр” гээд зах, худалдааны төвийн лангуун дээр бөөн бөөнөөрөө худалдаалагдаж байна.  Резинэн бөмбөг, наймаалж, усны дэгдээхэй гээд бүгд байв.

“Бөмбөгөр” худалдааны төвд тоглоом худалдаалдаг Б.Батчимэг “Нэг үеэ бодоход эцэг, эхчүүд тоглоом авахдаа их хянуур болсон. Аль болох өнгөгүй тоглоом авч өгөхийг эрмэлздэг болсон” тухай ярив.

Эцэг, эхчүүдэд сануулахад, эрсдэлгүй, химийн хорт найрлагагүй тоглоом хүүхдэдээ сонгохын тулд “ЭКО” гэсэн тэмдэглэгээтэйг сонгохыг эмч нар зөвлөж байна. Дэлхийн хүүхдийн тоглоомын томооохон үйлдвэрлэгчид хорт бодис ашиглаагүй болохоо баталгаажуулан “ЭКО” гэх тэмдэглэгээг тоглоомын шошгонд байрлуулж хэвшсэн нь бий. Тэгэхээр хүүхэддээ зөвхөн эко тоглоом сонгож байхыг дахин сануулъя.

Хүүхэд тоглох нь, хүүхдүүд тоглоом тоглож зугаацах нь энгийн л асуудал мэт боловч эргүүлж тойруулж ярих сэдвийн нэг яах аргагүй мөн. Одоо мэргэжлийн байгууллагуудын судалгааны дагуу хорт бодис илэрсэн тоглоомуудыг хурааж, худалдаалахгүй байхад анхаарч ажиллах нь хяналт тавьдаг газруудын хийх ажил биз ээ.

Хүүхдийн тоглоомын чанар, аюулгүй байдлын талаар эцэг, эхчүүд болон худалдаачид ямар мэдээлэлтэй байна вэ. Энэ тухай “Нэг сэдвээр” булан онцоллоо.

СХД-ийн иргэн Г.Нямаа:

-Хорт бодистой хүүхдийн тоглоом худалдаалахыг зөвшөөрнө гэдэг бол байж боломгүй зүйл. Энэ талаарх мэдээлэл дутмаг байдгаас эцэг, эхчүүд гаднах үзэмжийг нь хараад хүүхдийнхээ тоглоомыг сонгодог байх. Ер нь бол бидний тоглож өссөн оньсон, модон тоглоомуудыг сонгож байх хэрэгтэй.

Хан-Уул дүүргийн иргэн Я.Агваандорж:

-Хүүхэд тоглоомонд хордсон тухай мэдээлэл сонсч байгаагүй. Гэхдээ аажмаар нөлөөлж, дархлаа сулруулдаг байх. Хятадаас оруулж ирж байгаа тоглоом хортой гэдгийг мэдсээр байж худалдаалж байгаа худалдаачид, тэрийг нь авч байгаа эцэг, эхчүүд гэсэн буруутай шүү дээ. Мэргэжлийн хяналтын байгууллага энэ асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай.

Баянгол дүүргийн иргэн Д.Эрдэнэжав:

-Манай зах, худалдааны төвүүдэд худалдаж байгаа хүүхдийн тоглоомууд бүгд л эрүүл мэндэд хортой байдаг гэсэн. Манай гэр бүл энэ талаар мэддэг учраас ач, зээгийнхээ тоглоомыг БНСУ-аас авчруулдаг. Манай хүүхдүүд тэнд ажиллаж амьдардаг учраас явуулчихдаг юм. Эцэг, эхчүүд өөрсдөө энэ асуудалд сайн анхаарах хэрэгтэй.

Тоглоомын худалдагч Б.Батчимэг:

-Мэргэжлийн хяналтын байцаагч нар хорт бодис агуулсан тоглоомын талаар мэдээлэл өгч байвал бид нар оруулж ирэхгүй шүү дээ. Би Бээжингээс бараагаа авахдаа аль чанартай гэснээс нь л сонгож авчирдаг. Нярай хүүхдийн резинэн, тод өнгөтэй хаздаг тоглоомууд хүүхдэд муу гэж сонсч байсан. Тэрийг ч бас бараагаа авахдаа анхаардаг.

Бөмбөгөр худалдааны төвийн худалдаачин:

-Бидний зарж байгаа хүүхдийн тоглоо­муудыг хор хөнөөлтэй гэж сонсч байгаагүй. Тэгж бодох ч үгүй байна. Хүмүүс худалдаж аваад, хүүхдүүд нь тоглоод, болоод л ирсэн шүү дээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №051

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …