Асашёорюү Д.Дагвадорж гэр бүлийнхэнтэйгээ Монголын үндэсний циркийг хувьчилж авснаас хойш зургаан жил өнгөрсөн ч дорвитой уран бүтээл хийхгүй байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.
Үндэсний циркийн гадаах талбайд машин худалдаж, дотор нь лангуу түрээсэлж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэргээр хар захаас ялгаагүй үйл ажиллагаа явуулах болсонд Их аваргыг буруутгадаг. ШӨХТГ-аас шалгалт хийж, циркийн хөгжилд харшлах олон “но” илрүүлснийг бид мэдээлсэн.
Тус газрын дарга О.Магнай циркийн байрыг зориулалтаар нь ашиглаж, 2015 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд циркийн үйл ажиллагааг сэтгээх шаардлага хүргүүлжээ. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Монголын үндэсний циркийн менежментийн хувьчлалын гэрээг хүчингүйд тооцуулж, төр өмчөө эргүүлэн авна гэсэн хатуухан сануулга өгсөн.
Үүний хариуд Асашёорюү Д.Дагвадорж, Цирк анх ямар байсныг санах хэрэгтэй. Тулгандаа цоггүй л байсан даа. Ямар юм аваад, ямархуу хэмжээнд хөрөнгө оруулсан бэ гэдгийг бас бодолцох ёстой. Тэрнээс биш худлаа дайралтыг хүлээн зөвшөөрөхгүй. Шалгаж үздэг газарт нь бүгдийг үзүүлж, харуулсан.
Циркээ ч тоглуулна, урлаг уран сайхны бүхий л үйлчилгээг хийнэ. Дан ганц циркээр зардлаа нөхнө гэж байхгүй. Дулаан, цахилгаан, ажилтнуудын цалин гээд сарын зардал нь өндөр. Сайн бодох хэрэгтэй. Олон жилийн түүхтэй циркийг нураана гэсэн сэтгэл надад лав байхгүй гэдгийг хэлчихье” хэмээн Твиттер хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
эх сурвалж: урлаг.мн Э. Оргил