Иргэдийг аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангах “Аюулгүй Улаанбаатар” хөтөлбөр боловсруулна

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 03 сарын 10-ны өдөр болж, “Нийслэлийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” хэлэлцлээ.
Хуралдаанд асуудлыг Нийслэлийн цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар танилцууллаа.
Нийслэлийн цагдаагийн байгууллага 2013 онд 69112 гомдол, мэдээлэл шалгаснаас 43660 буюу 63,1 хувийг гэмт хэргийн шинжтэй, 23938 буюу 34,6 хувийг захиргааны зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл эзэлж байна. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 17847 буюу 25,8 хувийг танхайрах, 16544 буюу 23,9 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, 8305 буюу 12 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах, 4197 буюу 6 хувийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх, 1960 буюу 2,8 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн, 1882 буюу 2,7 хувийг хүний амь нас хохирсон, 1336 буюу 1,9 хувийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, 942 буюу 1,3 хувийг бусдын эд хөрөнгийг булуух, 510 буюу 0,7 хувийг хүчиндэх, 128 буюу 0,1 хувийг байгаль хамгаалах журмын эсрэг, 15461 буюу 22,3 хувийг бусад төрлийн гомдол, мэдээлэл эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд 2013 онд 15419 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2509 хэргээр буюу 19,4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Гэмт хэрэг өссөн үзүүлэлт нь цагдаагийн байгууллагын гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн, иргэд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, дуудлага мэдээллийг цаг алдалгүй өгч байгаатай холбоотой гэдгийг албаныхан хэлж байна. Гэвч гэмт хэргийн гаралтыг бууруулах, хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг хангахын тулд нэгдсэн байдлаар зохицуулалт хийх шаардлагатай байгаа гэсэн юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулахаар хуралдаанд оруулжээ.
Тус захирамжид нийслэл хотод үйлдэгдсэн халаасны хулгайн гэмт хэргийн судалгаанд үндэслэн том оврын нийтийн тээврийн хэрэгсэлд техникийн шаардлага хангасан хяналтын камер суурилуулах, “School police” эцэг эхийн эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, архидан согтуурахтай тэмцэх хуулийг удаа дараа зөрчсөн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах гээд хэд хэдэн заалт тусгажээ.
Мөн 1996 онд батлагдсан хуулийн дагуу Нийслэлийн цагдаагийн байгууллагын орон тоо өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа ч Улаанбаатар хотын иргэдийн тоо 2 дахин нэмэгдсэн нь 1 хэсгийн байцаагчийн хамрах иргэдийн тоог харьцангуй их болгож байна. Үүн дээр ч тодорхой зохицуулалт хийх хэрэгтэй байгааг Нийслэлийн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Хуралдааны үеэр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Ерөнхий архитектор Н.Нацагдорж гэмт хэргийн орчны судалгааг нарийвчлан гаргаж, зохицуулалт хийх шаардлагатайг анхааруулсан. Мөн нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Ихэвчлэн гэрэлтүүлэггүй гудамж, талбайд гэмт хэрэг гарч байх магадлалтай тул зөвхөн нийслэлийн цагдаагийн байгууллага бус дүүрэгтэй хамтран ажиллаж тухайн газруудыг гэрэлтүүлэг, хяналтын камертай болгох хэрэгтэй” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн иргэд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрахын тулд татвар төлж байгаа. Гэвч өнөөдөр байнгын айдастай амьдарч байна. Зарим иргэд гэрийнхээ гадна хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй айх зүйлгүй амьдарч байна. Тухайн орчинд гэмт хэрэг бараг гардаггүй гээд хэлчихэд хэлсдэхгүй. Бид бүх иргэдээ тийм орчинд амьдруулмаар байна. Энэ бидний хамгийн гол үүрэг” гэдгийг онцлон хэлсэн юм.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд Нийслэлийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдээ аюулгүй орчинд ажиллаж амьдруулахын тулд зөвхөн нийслэлийн Засаг даргын захирамж бус нэгдсэн хөтөлбөр гаргаж ажиллах хэрэгтэй гэж үзэн нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу “Аюулгүй Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулах үүргийг Нийслэлийн цагдаагийн газарт өглөө. Нийслэлийн цагдаагийн газар уг хөтөлбөрийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн албатай хамтран боловсруулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн …