Налайх дүүрэгт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гахайн фермд өвчин гарчээ

6d620d08kje067knmrtga2va32Нийслэлийн удирдах ажилтнуудын 03 сарын 24-ний өдрийн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар тус дүүргийн нутаг дэвсгэрт олон тооны гахай үхсэн талаар шуурхай мэдээлэл өгч, шаардлагатай асуудлыг шийдвэрлүүллээ.

Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг иргэн М.Дамдинхүү 2014 оны 03-р сарын 18-ны өдөр нийслэлийн Мал эмнэлгийн газарт олон тооны гахай үхсэн талаар дуудлага өгчээ. Дуудлагын дагуу холбогдох хүмүүс тус газар очин гахайнаас цусны  ийлдэс болон үхсэн гахайнаас цуллаг эрхтний дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлсэн байна. Иргэн М.Дамдинхүүгийн 366 гахайнаас 03 сарын 18-ны өдөр 48, 3-р сарын 20-ны өдөр 4, нийт 52 гахай үхсэн байна.

Дүүргийн Онцгой комисс хуралдаж иргэн М.Дамдинхүүгийн гахайн аж ахуйн орчинд 24 цагаар Онцгой байдлын байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнтэй хөдөлгөөнт эргүүл ажиллуулсан байна. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 03-р сарын 21-ний өдрийн шинжилгээний дүнгээр “Гахайн үржил, амьсгалын замын хам шинж” гэсэн онош батлагдсан тул дүүргийн Засаг даргын А/90 дугаар захирамжийн дагуу “Хорио цээрийн дэглэм” тогтоож хяналт ариутгалын пост, хөдөлгөөнт эргүүлийг гарган ажиллуулж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2011 оны А/86 дугаар тушаалаар батлагдсан “Гахайн үржил-амьсгалын замын хам шинж өвчинтэй тэмцэх заавар”-ын дагуу өвчилсөн гахайг устгах ажлыг зохион байгуулж өнөөдрийн байдлаар 225 гахайг устгажээ. Цаашид ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажиллагаа, хяналт зэрэг ажлыг хийхэд тодорхой хөрөнгө шаардлагатай байгаа тул нийслэлээс яаралтай шийдвэрлэж өгөхийг дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар нийслэлийн удирдлагад уламжиллаа.

Хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг дарга шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс яаралтай гаргаж, шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нарт үүрэг болголоо.

Шуурхай зөвлөгөөний үеэр гахайн үржил, амьсгалын замын хам шинж өвчин илэрсэн Налайх дүүргийн “Данзам хайрхан” ХХК-ны гахайн ферм нь үйл ажиллагаа явуулах ямар ч зөвшөөрөлгүй байсан гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр мэдээлсэн. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хугацааны дагуу хийгээгүйгээс шалтгаалан өвчин гарч, улмаар олон тооны гахай үхэж, багагүй хөрөнгө зарцуулагдаж байгаад холбогдох хүмүүс анхаарч, хариуцлага тооцох хэрэгтэйг анхааруулсан юм. Гахайн үржил, амьсгалын замын хам шинж өвчин нь гахайнаас гахайнд халддаг, хүнд халдварладаггүй өвчин юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …