Британийн виз хүссэн иргэд өмнө нь тус улсын элчин сайдын яаманд өргөдлөө өгч, БНХАУ руу мэдүүлгээ илгээдэг байсан бол өнөөдрөөс эхлэн эх орондоо энэ асуудлыг шийддэг болох нь. Учир нь Британийн визний мэдүүлэг хүлээн авах төв энэ сарын 31-нд буюу өнөөдөр Улаанбаатар хотод нээлтээ хийх юм. Энэхүү төв нээгдсэнээр шуудангийн үйлчилгээ болон ЭСЯ ачаалал ихтэй байдгаас үүсдэг хугацаа алдалт зэрэг асуудал үгүй болох аж.
Улаанбаатарт энэхүү төв нээгдсэнээр хэд, хэдэн давуу талыг иргэдэд олгох гэнэ. Тухайлбал ажлын өдрүүдэд 09.00-15.00 цаг хүртэл уртасгасан цагаар мэдүүлэг хүлээн авахаас гадна орчуулга хийх, баримт бичиг хэвлэх зэрэг төвлөрсөн үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн визний хариуг заавал өөрийн биеэр гэхгүй, шуудангаар ч авах боломжтой болох нь ээ. Визний шийдвэр гаргах явцыг улам боловсронгуй болгох үүднээс визний мэдүүлгийг Бээжин дэх хэлтэст шийдвэрлэхээ зогсоон, Манила дахь хэлтэст шийдвэрлэх гэнэ. Тус төв Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, DHL шуудангийн байрны нэг давхарт байрлах юм байна.
Д.Амар