Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны долдугаар сард Монгол бичгийн албан хэрэглээ нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай зарлиг гаргасан билээ. Уг зарлигийг 2011 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд зарлигийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын, эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байх, иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд кирилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байх зэрэг арга хэмжээнүүд хэрэгжиж байна.
Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн www.president.mn вебсайтыг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн хөтөлж ирсэн юм. Тус сайтын монгол бичгийн хувилбарыг үзэхдээ ямар нэгэн программ татаж суулгалгүйгээр Internet Explorer хөтчийг ашиглан хэрэглэх боломжтой. http://www.president.mn/mng/ хаягаар орж www.president.mn веб сайтын монгол бичгийн хувилбартай танилцаж болох бөгөөд / start-> Internet Explorer хөтчийг ашиглана уу.