Ш.Баатар: Монголчууд бид эв түнжингүйгээсээ болж хагарч бутарч, бусдын хоол болж ирлээ. Одоо хагарал амилж эхэлж байна

1902929_574449712652656_406627829_nМонголын түүхийг судлах нь олон талын ач холбогдолтой ч, гадаадын монгол судлаачид өөр түвшинд өөр чиглэлээр судладаг. Гэтэл олон улсад монгол судлал уналтанд орж зарим улс оронд үйл ажиллагаагаа явуулж байсан Монгол судлалын төвүүд үүдээ хаах болсон. Улмаар Америкийн Монгол судлалын төвийн талаар Станфордын их сургуулийн Зүүн өмнөд Азийн хэл соёл судлалын танхимын туслах ажилтан, Бөркелей дэх Калифорнын их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын хүрээлэнд зочин эрдэмтэн асан Ш.Баатартай онлайнаар ярилцсанаа толилуулж байна.

– Компьютер технологийн чиглэлийн мэргэжилтэй хүн монгол судлалтай хувь заяагаа холбох болсон түүхээс ярилцлагаа эхлүүлье.
– Миний хүүхэд ахуй цагаасаа мөрөөдөж явсан салбар бол Монголын түүх, монголчуудын угсаа гарвалын асуудал байлаа. Хүсэл хясал хоёр зэрэг оршдог хойно тухайн цаг үеэ дагаад гадна, дотнын олон шалтгаанаар түүхийн талаар суралцах сонголт хийсэнгүй. Аравдугаар ангиа төгсөөд тооцоолон бодох машины инжинерийн чиглэлээр сурах хуваарь авч эрдмийн мөр хөөхөөр Орос орныг зорьсон. Орост сурна гэдэг бол тухай цагтаа өөр ертөнцөд хөл тавих асар том боломж басчгүй нэр төрийн хэрэг байлаа.Үнэндээ энэ боломжийг би алдсангүй. Энэ сонгож авсан компьютерын чиглэлээрээ сурч төгсөөд Монголдоо ирж хэсэг ажилласан юм. Улс орон ч нээлттэй болж Японд мэргэжлээ үргэлжлүүлэн суралцах боломж олдов. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр аспирантурт тэндээ сурах боломж олдлоо. Бүр цаашлаад АНУ-д мэргэжлээрээ мөн сурч ажиллах болсон. Японд очоод монгол хүн бүр Монголынхоо түүх соёлыг сайн судлах хэрэгтэй юм байна гэдгийг хатуу ойлгосон. Учир нь япончуудын мэдлэгийн цараа өргөн, тэд их уншдаг ард түмэн болохоороо Монголыг их сонирхож захын япон хүн Монголын тухай уншсан зүйлээ дэлгэрүүлж мэдэх зорилгоор бидний түүх соёлтой холбоотой олон асуулт шил дараалан асуудаг байв. Мэддэгээ хариулна. Мэдэхгүй зүйлээ таах гэж оролдоно. Огт мэдэхгүй бол тэгээд гацна. Хүн гэдэг нэрлэхүү амьтан хойно мэдлэг сул талаараа сурч мэдэх эрмэлзлэл өөрийн эрхгүй төрнө. Тэгээд Монголын эзэнт гүрэн, Юань улс, монгол соёлын талаар гарт таарсан болгоныг монгол, япон хэлээр цуглуулж уншиж эхэлсэн. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн Монголын талаар сурсан мэдсэн болгон мэргэжлийн түвшинд биш сонирхогчийн, танин мэдэхүйн түвшинд нэгэнт очсон байлаа. АНУ-д Харвардын их сургуульд ирснээр Монголын судалгааны материалтай танилцах өргөн боломж олдсон. АНУ-д хүн чадаж байвал хэдэн ч мэргэжлээр сурч болдог, америк хүн голдуу давхар мэргэжилтэй байдаг, тэд насан туршдаа сурч боловсорч явдгийг өөрийн нүдээр харж мэдэж авлаа. Энэ бол миний оюун санааны ертөнцөд маш их нөлөөсөн, сэтгэл зүйн хувьд өөрийгөө дайчлах хүчтэй түлхэцийг бий болгосон. Тэгээд Монголын эзэнт гүрний үеийн түүхийг сонгон авч, ном хэвлэл цуглуулж, судалгааны бэлтгэл ажилдаа орсон. АНУ-ын баруун эргийн Сан Франциско хотод нүүж ирснээрээ Станфордын их сургууль, Бөркелей дэх Кальфорниагийн их сургуулийн номын сангуудыг ашиглах алтан боломж бүрдсэн. Сонирхогчийн түвшингээс мэргэжлийн түвшинд ахиж суралцах гараа минь эндээс эхэлсэндээ. Амралтаараа Монголд очоод их дээд сургуулиудаар яваад мэргэжлийн багш, професоруудтай уулзаж ямар чиглэлээр сурах талаар тэдний зөвлөгөөг авсан. Монголын түүх, соёл маш өргөн цар хүрээтэй тул дотор нь ямар нэгэн салбарыг нарийвчлан сонгож авах талаар эрдэмтэн багш нартай удаан ярилцсаны эцэст өвөг монгол Хятан нарын түүх соёл, угсаатны зүй, археологийн судалгааг барьж авлаа. Энэ сэдвийг сонгоход нэрт археологичид Д.Наваан, Д.Баяр багш нарын нөлөө их байсан Би энэ сэдвээр дөнгөж эхлэн судалж суралцаж яваа нэгэн болохоос сурч мэдсэн том эрдэмтэн, эксперт огт биш билээ.

– Түүх бол өчигдрийн үнэнийг өнөөдөрт авч ирдэг гурван цаг үеийн хэлхээс гэдэг. Өнгөрсөн түүхээ эргэж харах нь монголчуудад, хүн төрөлхтөнд ямар хэрэгтэй юм бол?
– Түүхэн хувь заяаны эрхшээлд гурав хэрчигдсэн монгол түмнээс туурга тусгаар яваа Монгол улсын иргэд бид Монголынхоо түүхийг цогцоор нь судалж, монгол хүний оюун ухаанаар шүүж дэлхийн түвшинд хүргэх үүргийг нийт монголчуудын өмнө хүлээж байна. Монгол хүн бүр өнгөрсөн түүхээ судалж, түүнийгээ зөв дүгнэж цэгнээд ирээдүйд хийх сонголтоо зөв зүйтэй хийх шаардлага бас бий. Өнгөрсөн түүхийг өөрчилж бид чадахгүй. Мартаж бол амархан чадна. Бид өөрсдөө өвөг дээдсийнхээ түүхийг харж хандаж байхгүй бол бас бусдад бас алдаж болно. Өвөг дээдсийн туулж өнгөрүүлсэн бартаа түүхийн гашуун туршлагаас цаг ямагт сурах, түүхийн үнэнийг батлах, түүхээ үнэн зөвөөр нь үр хүүхдэдээ, ард түмэндээ, дэлхий дахинд хүргэх эрхэм үүрэг бидэнд оногдож байна. Түүхийг өөр өөрийн улс төрийн эрх ашгийн үүднээс мушгих болсон энэ ээдрээтэй цагт түүхийн үнэнийг илчлэх нь юу юунаас чухал байна. Бидний хөршүүд хүчирхэгжих тутам монголчуудын түүхийг улам бүүдийлгэх, эсвэл өөрийнхөө түүхэнд нялзаах оролдлого гаарч буй өнөө цагт Монголын түүхийг судлах, дэлгэрүүлэх асуудлыг төрийн бодлогын хэмжээнд тавих хэрэгтэй болжээ. Дэлхийд ямарч улс өнгөрсөн түүхийн өөдтэй бүхнээр бахархахтул, өвөг дээдсийн үлдээсэн өнгөтэй өөдтэй бүхнийг бид мөн хамгаалах түүхэн үүргийг хүлээж байна. Үүнд монгол хүн бүрийн, Монголын төр засгийн оролцоо хэрэгтэй ажээ.

– Манай зүйр үгийн санд “Яарвал даарна”, “Бушуу туулай борвиндоо баастай” зэрэг хянуур нямгай байлгах гэсэн хэллэгүүд байдаг. Магадгүй эндээс монголчуудыг назгай гэж дүгнэдэг байх. Би Монголчууд XIII зуунд дэлхийг байлдан дагуулахдаа хэтэрхий их яарсан учраас өнөөдөр бид ийм тайван болсон юм болов уу гэж боддог. Энэ талаар та юү хэлэх вэ?
– Тийм биш байх аа. Монголчууд тийм ч назгай, залхуу хүмүүс биш. Гол нь тархан бутарсны улмаас Монголын хүн ам цөөн, түүн дээрээ зохион байгуулалт, нэгдэл нягтрал сул байгаа учраас тийм төсөөлөл бий болгож буй байх.. Монгол улсын аливаа салбарт алхам тутамд хүч хүчний асуудал тулгарч байгаад хүчтэй хөгжиж чадахгүйн гол учир оршиж байна. Цөөхөн хүн баялгийг бүтээх, олон хүн бүтээхийн хооронд асар том ялгаа байгаа. Тийм учир монголчууд хүнээ сайн хөгжүүлэх, боломжтой бол нэг хүн хос мэргэжил эзэмшиж хэдэн салбарт зэрэг ажилламаар болоод байна.

Монголын түүхийн зангилаа асуудлын талаар ярилцая. Монголын эртний улсуудын түүхээс нэн тэргүүндгүнзгийрүүлэн судлууштай юу байна?
– Нэн түрүүнд Манжийн үеийн түүхийг гүнзгийрүүлэн судлах хэрэгтэй. Хүннүгээс Монголын эзэнт гүрний хоорондох мянган жилийн түүхийг бас нөхөн судлах хэрэгтэй байна.

Казакстаны хэвлэлүүд Хүннүг монголчуудын бус түрэг угсаатны өвөг дээдэс гэж өөрсдийн түүхэндээ хамаатуулдаг. Түүхч судлаач нар нь ямар үзэл баримтлалтай байдаг бол?
– Хүннүгийн эзэнт гүрэн бол олон улс аймгийн холбоон дээр тогтож байсан нь тодорхой. Тэгэхээр монголын өвөг дээдэс, түрэгийн өвөг дээдэс нэгэн төрт улсын дээвэр дор багтаж байсан нь түүхийн үнэн болно. Харин тухайн цагт Хүннүгийн төрийг аль овог аймгийн хүмүүс голлон барьж байсныг судлах хэрэгтэй. Манай эрдэмтдийн судалгаагаар Хүннүгийн төрийг Монголын өвөг угсааны аймаг барьж байсан гэдэг дээр тогтсон байдаг. Энэ асуудлыг нарийвчлан судлах шаардлага бий. Монголчууд бид өөрсдийгөө Монгол гэж үзэж нэрлэх болсноос хойш Монголын эзэнт гүрэн байгуулагдсан. Монголын эзэнт гүрнийг монгол аймгууд голлон байгуулсан. Монголын хаад монгол хүмүүс байсан гэдэг нь маргаангүй зүйл. Гэтэл Казакстанд эрдэмтэн судлаач нар нь эл байдлыг зориуд мушгин гуйвуулсан, Чингис хааныг казак хүн байсан гэсэн үзэл санаа их хурцдаж, тодорхой улс төрийн бодлогоор түүнийг дэвэргэж улам туйлширч байна. “Монголчууд дорой буурай тул түүхийг нь булааж авч болно” гэсэн санаа давхар явж байна. Монголын эзэнт гүрний үед казак гэсэн үндэстэн бүрэлдэн тогтоогүй байсан. Үнэндээ тэд аль түрэг аймгийн үр сад болохоо ч тогтоож чадаагүй байгаа. Энэ асуудал бол өнгөц харахад монголчуудын түүхийг булаалцалдсан ноцтой юм шиг харагдаж байгаа. Үнэндээ тийм биш болов уу. Дэлхий дахин 800 зууны турш монголчуудын тухай олон хэлээр асар их мэдээллийг бичиж үлдээсэн тул Казакстаны эрдэмтдийн явуулж буй энэ үйл ажиллагаа бол дэндүү харалган, өөрийгөө хуурсан, бусад нэр хүндээ алдсан, бусдын үнэт зүйлийг булаах гэж эрээ цээргүй дайрч давшилсан оролдлого болон хувирч байна. Тэд хичнээн ингэж бичээд монголчуудын талаарх дэлхийд тогтсон чиг халдлагыг өөрчилж чадахгүй. Гэхдээ бид үүнийг бас зүгээр хаяж болохгүй, алхам тутамд нь няцаалт өгч амьд сэрүүн байгаагаа тэдэнд байнга харуулах хэрэгтэй. Дуугүй байна гэдэг зөвшөөрсний тэмдэг гэсэн үг байдаг даа.

Урьд Манжийн дарлал гэж ярьж бичдэг байлаа. Магадгүй энэхүү дарлал хэмээх ойлголт нь ангийн тэмцлийн тухай Марксист түүх бичлэгтэй холбоотой байх. Харин сүүлийн үед зарим судлаачид Манжийн дарлал байгаагүй гэсэн өнгө аясыг гаргах болжээ. Харин та ямар бодолтой явдаг вэ?
– Би Манжийг дагнан судалдаг судлаач биш. Энэ талаар буруу ярьж магад. Гэхдээ монголчууд Манжийн дарлалд байсан гэж би үздэг. Монголд манжийн хууль бүрэн үйлчилж байсан. Монголчууд шилжин нүүх, бие даан аливаа асуудлыг шийдэх эрхгүй байсан. Монголчуудын тэмцэл бослогыг тэд цус урсган харгислан дарж байсан. Манжийн төрийн бодлогоор хятадын худалгааны хүүлэх систем Монгол орон даяар тогтоож, монголчуудын эд хөрөнгийг ховх сорж байсан. Монголын алт эрдэнэс, эд баялаг, мал сүрэг урагшаа урсаж байсан. Үүнийг зүйрлэвэл гол мөрөн их далайд цутгаж буй мэт байжээ. Зарим судлаачид манж нар хятад хүнийг монгол хүнтэй суух, монгол газар тэднийг шилжиж суурьшихыг эхэн үедээ хязгаарлаж байсныг товойлгон авч үздэг. Үнэн хэрэгтээ тэд Монголд хайртайдаа биш, Хятадын нөлөөг хэт ихэсгэхгүй барих бодлогын хүрээнд дээрх хязгаарлалыг хийж байсан. Эдгээр хязгаарлалыг тавьж байсан ч хожим өөрсдөө Хятадад хүчтэй уусаад энэ хоригийн бодлогоо хэрэгжүүлж чадаагүй. Харин монголчуудын эсэргүүцэл хэт их байснаас хятадууд тийм хурдтай Монгол нутгийн гүнд түрэн орж ирж чадаагүй.Энэ талаар илүү мэдье гэвэл XVIII, XIX зууны өвөр монголчуудын сөөм газрын төлөө хийж байсан ширүүн тэмцлийн түүхийг сөхөн үзэх хэрэгтэй. Манай зарим судлаачид нэг талыг хэт барьж элдэв дүгнэлт яаран гаргаж ард түмнийг төөрөгдөлд оруулж байна. Үүнд шинжлэх ухааны байгууллагаас албан ёсны няцаалт цаг тухайд нь өгч байх хэрэгтэй.

Нүүдлийн соёл иргэшлийн талаар асуулгүй өнгөрч чадахгүй нь. Даяршиж буй энэ үед бид суурин соёл иргэншлийг дагах нь зөв үү. Эсвэл нүүдэлчин ахуйгаа авч үлдэх хэрэгтэй юм болов уу? Нийгмийн энэ тэнцвэрийг хэрхэн тааруулах ёстой юм бол?
– Монгол түмний тал нь монгол уламжлалаа хадгалсан өвөрмөц хэв маягтай мөртлөө суурин иргэншлийг дагаж дэлхийн хөгжилтэй алхаа нийлүүлэх нь зөв байх аа. Монголчууд өргөн уудам нутгаа авч үлдэхийн тулд нүүдэлчин амьдралыг огт устгаж болохгүй. Харин нүүдэлчдийн аж амьдралд өнөөгийн хөгжил дэвшлийг нэвтрүүлж, нүүдэлчдийн үндэсний онцлогийг тодорхой хэмжээнд барьж хадгалах, түүндээ зохицсон дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй юм. Даяаршлын үед оршин тогтнох гол зүйл бол өөрийн гэсэн үндэстний онцлогуудыг бүрэн авч үлдэх, тэднийг орчин үеийн хөгжилд ямар нэгэн байдлаар эвтэйхэн холбож зохицуулах шаардлага гарч байна. Үүн дээр Японоос жишээ авах нь чухал юм. Даяаршлаа гээд хятадууд яагаад ханз үсгээ хаяж чадахгүй байгаад давхар бодох хэрэгтэй. Хятад соёлын нэгэн нууц нь ханз бичгэндээ бас нуугдаж байна. Монгол хүүхдийг өсөх бага насанд нь монгол хүн болж төлөвшүүлэхэд хүн бүр анхаарч ажилламаар байна. Төрийн бодлогын зэрэгцээ эцэг эхийн үүрэг, хариуцлага маш чухал байна. Даяаршлын үед монгол хүний оршин тогтнохын баталгаа нь монголоо гэсэн сэтгэл, монгол сэтгэхгүй, монгол хэл, монгол бичиг, монгол уламжлал, монгол зан заншил байх болно.

Гадаадын Монгол судлалын төвүүд хаалгаа барих болсон нь монгол судлал уналтанд орсны илрэл үү? Монгол судлал зогсонги байдалд орсон энэ үед судлаач болсондоо сэтгэл хангалуун байдаг уу?
– Тэр үнэн. АНУ-ын хувьд бол хүйтэн дайны үе дуусч социалист лагерийн орнуудыг судлах үйл ажиллагааны санхүүжилт зогссонтой шууд холбоотой монгол судлал унаж эхэлсэн. Монгол судлалыг АНУ-д улс төрийн зорилгоор бий болгож хүчээр барьж санхүүжүүлж иржээ. Монгол судлал хөгжихгүй байгаа бас нэгэн шалтгаан бол дэлхийд Монголын нөлөө бага байна, монгол хэл, соёлыг судалж сонирхох хүмүүс ховор байна. Монгол судлалаар сурсан хүмүүс ажил төрөл олох асуудал бүрхэг, хэцүү байна. Монгол судлалаар мэргэжсэн хэдхэн хүнийг Монголын төрийн бодлогоор дэмжихгүй явж ирсэн байна. АНУ-ын Ази судлал Хятадаас санхүүжиж буй нь нууц биш. Хятад судлал хөгжих тутам монгол судлал түүний хавсарга болоод явж байна. Монгол судлалыг дэлгэрүүлэх боломж нь Монголын төрийн бодлогын хүрээнд явагдаж, Монголоос санхүүжүүлэх цорын ганц гарцтай болоод байна. Ерөнхийдөө би монгол судлалд хамрагдана байх. Үнэндээ би монголын түүхийн нэгэн эгзэгтэй үеийг сонгон авч археологийн талаас нь хятад судалгааны материал дээр түшиглэн хувь хүнийхээ хэмжээнд өчүүхэн судалгааны ажил хийж байна. Би тийм том судлаач биш. Ногоотой зүйрлэвэл зөвхөн соёолж байгаа төдий л хэмжээнд байна. Тэгэхээр сурч мэдэх юм асар их байна. Сонирхож буй зүйлээ үндсэн ажлынхаа хажуугаар хийж судалж байгаа тул сэтгэл бол хангалуун өндөр, зориг бол бадрангуй байна. Аль болох мэргэжлийн олон нөхөдтэй харилцаа холбоо тогтоож байна. Тэднээс сурч мэдэх, санаа оноогоо тэдэнтэй хуваалцах түмэн хэрэг надад байна.

-Социализмын үед Монгол бол ЗХУ руу нэвтрэх хаалга байсан учраас манайхыг судалдаг байсан юм болов уу гэж боддог. Харин одоо монголын түүхийг судлах нь гадныханд ямар ашигтай юм бол.
-Тэр үнэний хувьтай байх. Одоо АНУ-ын хувьд Монголыг судлах ямар нэгэн бодит хэрэгцээ, ашиг сонирхол нэн бага байна гэж би боддог. АНУ-ын Монголд буй сонирхол гэвэл хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэм байгуулж буй, хоёр Солонгосын асуудалд гүүр болох боломж бий гэсэн талаас нь харж байгаа болов уу? Түүнээс Орос, Хятадын геолотикийн бодлогот АНУ улс шууд оролцох ямарч боломжгүй. Монгол улс НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт цэргээ оруулж олон улсын тавцанд Монголын нэр хүндийг өргөж буй нь монголчуудын санаачлага, оролцоогоор хийгдэж буй том үйл хэрэг болно. Үүнийг мэдээж АНУ дэмжиж байгаа. Тавьсан асуултанд зөвхөн өөрийн амьдран суугаа орныхаа зүгээс харсан өрөөсгөл хариулт өглөө. Ази ба Европт монгол судлалын асуудал ямар хэмжээнд буйг төсөөлж мэдэхгүй байна. Дам сонссоноос аваад үзэхэд бараг Америктай адил хэмжээнд байгаа болов уу. Хятад улс монгол судлалд нэн их ач холбогдол өгөх судалж байгаа. Хятадууд газар нутгийн хувьд Монголыг нэгтэн авч чаддаггүй юм аа гэхэд түүх соёлынх нь хувьд цаасан дээр нэгтэж авах алсын хараатай бодлогыг олом жилийн өмнөөс ил тод явуулж иржээ.

Та өөрийн тухайлан судалсан сэдвийн талаар сонирхуулаач? Хамгийн сүүлд ямар өгүүлэл бичсэн бэ?
– Анх судалгааг оролдож эхэлснээс хойш Юанийн үеийн талаар хэдэн судалгааны өгүүлэл Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн. Хятаны талаар судалгааны өгүүлэл хэвлүүлэхэд жаахан түүхий байна гэж би өөрийгөө үзэж байгаа. Гол нь миний судалгаанд хэрэг болох материалууд хятад хэл дээр арвин учир уншиж танилцахад цаг их орж байна. Хятад материалд нүүдэлчдийн түүх соёлын талаар буруу зөрүү юм их байгаа тул ялгаж салгахад бас цаг орж байна. Монголын түүх соёлыг Хятадын түүх соёлтой баттай гагнаж өгөхийн тулд тэд умартын соёл буюу Хятан, Тангууд, Алтан улс, Юанийн соёлыг нэг цогц болгон бичдэг болсун тул салгажсудлахад бас хүндрэл учирч байна. Өвөг монгол Хятаны судалгааны нэг сэдэв эхэлчихсэн, боломжоороо хэдэн өгүүлбэр нэмж бичээд явж байна. Алсдаа түүнийгээ ном болгох сонирхол бий. Өөр салбараас энэ чиглэлээр сурч буй учир суурь мэдлэг хэрэгтэй болоод Алберт Дийн багшийн тусламжтайгаар Станфордын их сургуульд археологийн оройн анги сүүлийн хэдэн жил аваад явж байна. Дэлхийн археологийн судалгааны суурь мэдлэгтэй болох гэж чармайж байна. Одоо л надад судалгааны орчин бүрдэх боломж гарч ирлээ. Хамгийн сүүлд Таван нүдэн бэлэгдлийн тухай нэг өгүүлэл, МУИС-ын сургуулийн профессор, археологич У.Эрдэнэбаттай хамтарч Хөхнуураас олдсон монгол жанжины шарилын тухай нийтэл бичиж археологийн судалгааны сэтгүүлд хэвлүүлсэн. Археологийн судалгаа бол олдвороо дагаад өөрчлөгдчих гээд байдаг ярвигтай зүйл. Сүүлийн үед Монголд малтсан Хүннүгийн ба Түрэгийн үеийн булш бунханы материалууд их сонирхол татаж байна.

Ажаа гэгээнд намтар номоо бичих саналыг анх та тавьсан гэлүү?
– “Цагийг бэлэгдэгч наран чөлөө” номныхоо талархлын хэсэгт Ажаа гэгээн энэ талаар дурсан байгаа. Ажаа гэгээн нь дээд монгол гаралтай, Монголоо гэсэн сэтгэлтэй, өндөр боловсролтой монгол хүн. Энэ эрхэм хүмүүнийг монголчуудад таниулах ажил анхалж хийсэндээ сэтгэл өндөр байдаг. Ажаа гэгээнийг 2005 онд Монголд анх удаа дагуулж очсон. Ажаа гэгээн монголчуудын дунд ороод олон хүнд их тус болсон. Ажаа гэгээнтэй хамтраад АНУ-д монголчуудыг Далай багштай уулзуулах арга хэмжээг олонтаа зохион байгуулав. Ажаа гэгээн Монголд хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулж буянтай сайхан үйл бүтээж байна. Гэгээний энэ сайхан монгол түмнээ гэсэн буяны арга хэмжээнд Америкийн монголчууд өргөнөөр оролцож, хандив өргөн хувь нэмрээ оруулж байна. Сан Франциксо орчмын монголчуудын дунд тус эмнэлэг өргөх хандивын арга хэмжээг би удирдан зохион байгуулж 25 мянган доллар босгож өгсөн. Монголчууд бидэнд оюун санааны хүчтэй, зөв лийдерүүд хэрэгтэй байна. Тийм лийдерүүдийн нэг нь Ажаа гэгээн мөн.

Судлаач хүний хувьд анхны болон одоогийн монгол судлаачдын талаарх таны бодол? Тэдэнд ялгаа бий юу?
– Энэ асуултыг зөвхөн АНУ-ын судлаач эрдэмтдийн хүрээнд хариулахыг хичээе. Монголын сурвалж бичгүүдийн судалгааг 1950-1960 онд Харвардын их сургуулийн Францис Вүүдман Клийвз профессор сайн хийсэн байдаг. Энэ судалгаа бол дэлхийн монгол судлалд томоохон байр суурь эзэлдэг ба түүний судалгаа Францын монголч Паул Пеллиот, Австралийн монголч Игор Дэ Рачевилтз нартай эн зэрэгцэнэ. Түүний дараа монгол судлалаар томоохон бүтээл гаргасан эрдэмтэн бол Өвөр Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгч Харчины Сэчин Захчид гуай юм. Тэрээр монгол судлалаар 18 ном хэвлүүлсний тав нь англи хэлээр гарсан, нийт 300 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүсэн. Сэчин Захчид гуайн Монголын нууц товчооны хятад орчуулгыг гүйцэх сайн орчуулга Дундад улсад гараагүй байна гэж бодохоор ясны сайн эрдэмтэн байжээ. Монгол хэл шинжлэлийн олон эрдэмтэн бий. Тэр болгоныг тоочих боломж алга. Хамгийн сүүлд монгол судлалаар гарч ирсэн сайн эрдэмтэн бол Индианиагийн их сургуулийн Кристовер Эйтвүүд профессор юм. Түүнээс өөр монгол судлалд бэлтгэгдсэн шаггүй залуу эрдэмтэн хараахан төрөөгүй байна. Монголч эрдэмтэд бол бүгд бүх амьдралаа монгол судлалын ажил үйлсдээ зориулж буй тул тэднийг эрт одоогийн гэж хооронд нь ялгах боломжгүй юм.

Түүхийн салбарын оюутнуудад хандаж хэлэхэд ямар сэдвээр судалгаа хийвэл хэрэгтэй бол?
– Сурвалж материал сайтай тул Манжийн үеийн түүхийн судалгааг сайн хийх хэрэгтэй байна. Залуу судлаачид манж хэл сайн сурах хэрэгтэй гэж хэлмээр байна. Түүхийн судалгаа нь их өргөн цар хүрээг хамаардаг тул маш жижиг асуудлыг барьж авах хэрэгтэй. Судлаач болгон Их Монгол улсын үе, Хүннүгийн үеийгдавхардуулсан судлаад байх нь зохимжгүй санагдана. Судалгааны нарийн арга технологит нарийвчлан суралцах хэрэгтэй. Жишээлбэл архео-химийн мэргэжил гэх мэт шинэ салбар руу манайхан ормоор байна.Монголын түүхийг судлахад эртний хятад хэлний мэдлэг заавал хэрэг болно гэдгийг бас мартаж болохгүй.

Та фейсбүүктээ Оросын уран зохиолын номын цуглуулганыхаа зургийг оруулсан байсан. Сонгодог Роман бол баруун соёлын хэлбэр. Дорно дахины уламжлалд шингэх зай байхгүй л болов уу гэж барууныхан ярьдаг. Гэтэл монголын хөрсөн дээр уран зохиолын төрөл зохицоод байх шиг санагддаг. Эндээс ажиглахад монголчууд аливаад амархан дасан зохицдог үндэстэн нь үнэн мэт. Та монголчуудын энэ сэтгэлгээний талаар тайлбарлавал?
– Надад Оросын сонгодог уран зохиолын цуглуулга байдаг нь Орос оронд сурсантай, орос хэлээр ном уншаад ойлгодогтой холбоотой. Аливаа уран зохиолыг анх бичигдсэн хэлээр унших их чухал гэж үздэг. Оросын уран зохиол дэлхийд сонгодогт тооцогддог тул орос хэлээр сонгодог зохиолуудыг цуглуулсан билээ. Хааяа сөхөн харж байхад сайхан байдаг. Нүүдэлчид өрнө дорнын соёлын уулзвар дээр оршин тогтнож ирсэн тул аль аль талаасаа өнө эртний соёлын нөлөөтэй. Өрнө, дорнын соёлыг бид тодорхой хэмжээнд тэнцвэртэй мэдэж байж судалгаа хийх суурьтай болно. Грек, Ромын соёлыг бид нар хэт бага балчир насандаа үзсэн тул эргээд нялзах юмгүй болсон байна. Дэлхийн соёл иргэншлийг сайтар сурч байж харьцуулсан судалгаа хийх учраас эдгээр соёлын талаар Станфордод анги аваад тухайлж үзсэн билээ. Нүүдэлчид аливаад дасан зохицох чадвартай нь үнэн. Бид цаашдаа өрнө, дорнын соёлыг адил хэмжээнд авч судалж үзэх хэрэгтэй. Хэтэрхий нэг талыг барьж судалгаа хийж байсан нь өмнөх нийгмийн нэгэн дутагдал байсан буй за.

“Хүний багадаа өссөн сурсан ахуй чухал байдаг, нэгэнт төлөвшиж тогтсон суурь мэдлэг нь амьдралынх турш салшгүй хамт байдаг ажээ” гэж та фейсбүүктээ бичснийг уншсан. Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн талаар асууж болох уу?
– Би Өвөрхөнгай аймгийн Уянга суманд төрж, эмээ дээрээ нагац ахын хамт өссөн. Намайг 11 настай байхад ааж ээж дүү нар маань Өвөрхангай аймагт шилжин ирж суурьших болсноор эмээ бид хоёр аймаг бараадаж, би хоёр гэрийн хооронд тэлээлж амьдрах болсон. Эмээ дээрээ малын дэргэд, нутгийн хөгшдийн дунд монгол ахуйдаа өсч торнисон болохоор хүнд өссөх ахуй их чухлыг хожим сайтар мэдэрч билээ. Багаасаа би ажилч хичээгүй, аливаад чамбай, нэг сэтгэлээр юмыг хийдэг болж чадсан. Тэр маань миний насан туршийн бас нэгэн түшиг тулгуур болж явна.

Та нийгмийн шилжилтийн үед Орост их сургууль төгссөн. Тэр үед ирээдүйгээ хэрхэн төсөөлж байв?
– Орос оронд сурч байхдаа Монгол орныхоо идээдүйн хөгжил цэцэглэлд хувь нэмрээ оруулна, эх орондоо хэрэгтэй хүн болно л гэж ерөнхий бодож явснаас Монголын нийгэм орвонгоороо эргэчихнэ гэж төсөөлж бодсон юмгүй явлаа. Японд сурч, Америкт амьдарна гэсэн ямарч төсөөлөл байсангүй. Тэр бүү хэл хувийн машинтай болно гэсэн төсөөлөл ч байсангүй. Тэгэж бодохоор ирээдүйгээ харж огт чадаагүй юм байна шүү.

  Манай уншигчдад гэр бүлээ танилцуулаач? 
– Эхнэр Цоодолын Алтантуяа. Бид хоёр арван жилийн найзууд. 1987 онд Улаанбаатар хотын Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийгээд 27 дахь жилдээ хамт амьдарч байна. Эхнэр маань Сан Франциско хотод Японы нэгэн байгууллагат ажилладаг. Би хоёр хүүтэй. Том хүү Балдандорж маань Санта Круз дахь Кальфорниагийн их сургуулийг эсийн молекуль хөгжлийн биологийн мэргэжлээр төгсөөд сургуульдаа эсийн молекуль инженерийн мэргэжлээр магистерт сураад энэ жил төгсөнө. Магистерт сурах хугацаандаа туслах багшийн ажил давхар хийж, сурах амьдрах зардлаа сүүлийн хоёр жил өөрөө дааж байна. Дэлхийд алдартай Хюман Женоме төслийг хийсэн, хүний хоромсомыг задлан шинжилдэг лабориторит ажиллаад, хамгийн сүүлийн үеийн нанофорын технологи сурч байгаа даа хүү маань баяртай байгаа. Бага хүү Билэгт маань энэ жил 12 жилийн дунд сургуулиа төгсч байна. Удахгүй дээд сургуулиа сонгох болно. АНУ-д ажиллаж амьдарч буй миний гол зорилго бол энэ хоёр хүүхдийг хүний зэрэгт хүргэж, өндөр боловсролтой болгох явдал юм.

– Хүүхдүүдийн тань тухай  асуумаар санагдлаа. Гадаадад өссөн хүүхдүүд монгол ахуй, соёлоосоо холддог юм болов уу гэж боддог. Та хүүхдүүдээ энэ тал дээр хэр анхаарч өсгөж байна вэ?
– Хэдий хүний нутагт өн удаан жил амьдарсан ч хоёр хүүдээ монгол хэл бичиг сургаж, Монголоо гэсэн сэтгэлтэй болгож чадсандаа сэтгэл хангалуун байна. Монголын хөдөөний малчин ахуйгаас хол өссөн ч хот суурин газар өссөн хүүхдүүдээс нэг их ялгарах юм байхгүй гэж бодож байна. Монголд ирж очдог болохоор монгол орон, монгол ахуйгаа тэд сайн мэднэ.

Америкийг сонгох болсон шалтгааныг тань асууж болох уу? Яагаад эх орондоо амьдарч ажиллах болоогүй юм бэ?
– Хүн гэдэг чинь их ахиад байдаг амьтан шүү дээ. Болж бүтээд, сурч мэдээд, боломж бололцоо олдоод байвал түүнийгээ алдахыг хүсдэггүй юм байна. Харвардын их сургуульд ирж чадсан цөөн хэдэн монголчуудын нэг шүү дээ. Хүн сурахад насны  хязгаар үгүй, сэтгэлийн хязгаар байдаг. Би үүнийгээ олонтаа хэлдэг юм. Нэгт өөрт сурах боломж олдлоо, хоёрт хүүхдүүдээ Америкт сургах боломж бас гарлаа. Одооны хүрсэн мэргэжлийн энэ өдөрлөг,сурах боломжоо алдахгүйн тул нэг хэсэгтээ эндээ байна. Би сурсаар л явна шүү дээ. Монголын хөгжил цэцэглэлд заавал өөрийн биеэр очиж байж хувь нэмэр оруулдаг гэж би бодохгүй байна. Сэтгэл байвал хаанаас ч гэсэн хувь нэмрээ оруулах боломж байна. Монголдоо оюуны хөрөнгө оруулалт хийж, хоёр орны хооронд хөгжлийн гүүр болж яваа гэж би өөрийгөө үздэг.

-Хэдийгээр гэр бүлтэйгээ амьдарч байгаач гэсэн хүний нутагт ганцаарддаг л биз дээ?

– Би огт ганцаардаж үзээгүй. Гандаардал гэдэг бол сэтгэлийн өвчин. Надад уйдах зав ч алга. Уйдаж гиюүрвэл ганцаардаж л таарна. Хүн өмнөө тавьсан зорилготой, хийх ажлын тодорхой ачаалалтай байх тутам уйдах зав гардаггүй. Ажлаа хийнэ, чөлөөт цагаараа монголчуудын холбоо болон монгол хүмүүстээ тус дэм болно. Ирсэн зочдод үйлчилнэ. Онлайнаар болоод утсаар Монголын тухай мэдээллээ авчихна. Уулзаж харилцсан хүмүүсээсээ нутагт болж бүй үйл явдлын тухай нарийн мэдээлэл авна. Шаардлага гарвал өнөөдөр нисээд маргааш эх орондоо очиж чадна. Эдийн засгийн болоод бичиг баримтын ямар ч асуудал, саад тотгор байхгүй. Заавал тансаг байшинд суугаад 570 гэдэг машин унаад хүн сайхан амьдардаг юм биш. Өөрийнхээ оюун ухаанаараа, гараараа хийж бүтээсэн ариун цагаан хөдөлмөрөөр амьдарч болоод байна. Мөнгийг шаардлагатай үед бэлэн байх ёстой хэрэглээний зүйл гэж боддог юм. Мөнгө хураах гээд зүтгээд байсангүй. Хүссэн мөрөөдснөө хийж бүтээгээд, тавьсан зорилтоо биелүүлээд явж байна. Хоёр хүүхэд АНУ-д их дээд сургууль төгсгөнө гэдэг санхүүгийн хувьд тодорхой чадвартай байж хийдэг зүйл. Энэ бүгдэд анхаарлаа хандуулаад завгүй яваа тул уйдахгүй, ганцаардахгүй байна. Хаана ч явсан хань ижилтэй, үр хүүхэдтэй хүн ганцаардана гэж байдаггүй байх аа. Харин төрөл төрөгсөд ах дүү нараас хол байгаа тул үгүйлэн санах тал бий. Хаана хаанаа эрүүл мэнд явбал болно шүү дээ.

-“Ухаалаг утас хэрэглэдэггүй” гэж та нэгэн ярилцлагандаа хэлсэн байсан.
– Гар утасны дэлгэц их жижиг. Түүнийг удаан ширтэж харвал нүд ядарна. Компьютерын ажил удаан цагаар том дэлгэцэн дээр хийгээд сурсан тул гар утасны дэлгэц жижигдээд нэг л давчуу байдаг. Ер нь талын монгол хүн чинь уужим дэлгэр саруулхан юманд дуртай. Би харанхуй жижиг цонхтой өрөөнд удаан суух бас дургүй. Кальфорниа муж бол Монгол шиг сайхан нарлаг газар юм. Гэрэл гэгээтэй уужуу тавиу орчинд би дуртай.

Танд хамгийн гайхалтай сэтгэгдэл үлдээсэн хүн?
– Миний амьдралд гайхалтай сэтгэгдэл, мэдрэмжийг үлдээж чадсан хүн бол миний эмэг эх Батхүү тойны Лхамгяв гэдэг хүн. Тэр хүний ухаан бодол надад бас шингэсэн гэж би үздэг. Амьдралын их хар ухаантай хүн байсан. Алсын хараатай, гүйлгээ ухаантай, ужуу тайван хүн явлаа. Урт насалсан даа. Бараг зуу насалсан даа. Эмээгийнхээ талаар нэг дурсамж бичээд дуусч байна. Хэллэг найруулгыг нь сайжруулж байгаад удахгүй хэвлүүлэх санаатай.

Монголчууд бид өөрсдөө монгол хэл соёлоосоо илүү гаднын хэл соёлыг судлах болсон шиг санагддаг
– Монгол шиг газар зүйн хувьд хаалттай улс орны хүмүүс гадаадын олон хэл сурах нь зүйн хэрэг. Гэхдээ хэн хэдийд ямар зорилгоор яаж гадаад хэл сурах нь их чухал байна. Хэрвээ боломж байвал 14 наснаас доош өсч төлөвшиж байгаа хүүхдэд гадаад хэлийг заахгүй байх хэрэгтэй байна. Монгол хүн хүүхдэдээ гоё ганган хувцас өмсгөж, үнэтэй гар утас бариулж, компьютер эдлүүлээд, амттай болгоны идүүлэхдээ гол нь биш сэтгэл сайтай, ухаалаг хэрсүү, аливаа зүйлийн учрыг олох гэж эрмэлздэг, гаднын гаж муу нөлөөнөөс ангид, үнэнч шударга, хөдөлмөрч, эх оронч, нийтэч, бусдад өөрийгөө тодорхой илэрхийлж чаддаг, өөртөө итгэлтэй, нийгмийн нэг зөв эд эс болгон хүмүүжүүлэх хэрэгтэй байна.

Монголд зөв хүн болох, хувь хүний хөгжил юунаас ч илүү хэрэгтэй байна. Хувь хүн бүр зөв хөгжиж чадваас Монгол орон хөгжин дээдлэхийн үүд хаалга өөрөө нээгдэнэ.

Та ямар шалтгаанаар Их Майдар төсөлд оролцох болсон юм бэ?
– Энэ бол миний оролцож буй төслүүдийн нэг нь юм. Их Майдар цогцолбор бий болсноороо монголчууд бусдад үзүүлэх аялал жуулчлалын дэлхийн хэмжээний нэг үзмэртэй болно. Монголчууд бусдад үзүүлэх юмтай болсноороо монгол хүн юм хийж чаддаг гэсэн ойлголтыг бусдад төрүүлнэ. Өөрсдөө бас юм хийж чаддагтаа итгэх ирээдүйн итгэлтэй, Монголын гэсэн бахархалтай болно. Энэ төслийг дагаад мянга мянган монголчууд ажилтай болж аж амьдрал нь сайжирна. Харьд ажиллаж амьдарч буй монгопчууд эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцож чадна.Энэ бүгдийг харж үзээд бидний хэдэн нөхөд уг төслийг дэмжиж ажиллах болсон.Одоо дэмжих ажлаа эхлээд явж байна. Зарим хүмүүс заавал шашины холбогдолтой төсөлд оролцлоо гэж шүүмжилж байна. Монголчууд бид ямарч тохиолдолд уламжлалаа дагах ёстой гэж би боддог. Энэ бол монгол хүний оюун ухаанаар бүтсэн Монголын сонгодог бүтээл гэдэг талаас нь үзэх л чухал. Цаашид Монголд олон мега төсөл хэрэгжих үүд хаалга эндээс нээгдэнэ. Монгол хүн олсноосоо хандивт зарж чаддаг сэтгэхгүй тэлэн хөгжих болно.

Та оролцож буй бусад төслүүдийнхээ талаар бас танилцуулахгүй юу?
– Монгол судлал зогсонги байдалд орсон энэ үед АНУ-ын нэртэй их дээд сургуулиуд Монголоос ном худалдан авч монгол номын сан хөмрөгөө баяжуулах ажлаа 1990 оноос хойш үндсэндээ зогсоосон. Конгрессын номын сангийн шугамаар цөөн тооны ном жилдээ захиалан авч хэдэн сургуулиудад тараадаг юм байна. Монголын судлаач эрдэмтдийн бүтээл дэлхийн алдартай их дээд сургуулийн номын сангийн каталогт орох юм бол Монголыг сонирхсон хүмүүст хүрэх боломж нээгдэж байгаа хэрэг. АНУ-ын их дээд сургуулиудын номын сан дахь монгол номыг сан хөмрөгийг өргөтгөх ажилд үлгэр дуурайлал болгохүүднээс Станфордын их сургууль, Бөркелей дэх Кальфорниагийн их сургууль, Баруун Вашингтоны их сургуулийн номын сангуудад нийт 200 гаруй ном хандиваар хүргээд байна. Энэ төсөл маань цаашид үргэлжлэх болно. Монголын судлаач эрдэмтэд ном бүтээлээ өгөх их сонирхолтой байна. Бусад хүмүүс энэ төслийг оршин байгаа газартаа мөн хийгээсэй гэж бодож байна. Мөн МУИС-ын компьютер мэдээлэл технологийн салбарт нарийн мэргэжлийн 180 орчим ном хүргээд байна. Их сургууль дээр хийгдэж буй өөрчлөлтөөс шалтгаалан энэ төсөл тур зогссон байгаа. Монгол ба АНУ-д сурч боловсорч буй монгол оюутан залууст лекц унших, монгол эрдэмтдээр лекц уншуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. АНУ-ын бусад хот болон бидний амьдарч буй Сан Франциско хот орчмын Бэй Аэриад амьдарч монголчуудын соёлын үйл ажиллагаанд байнга оролцож байна. Фэйсбүүк, твиттер зэрэг орчин цагийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж залуустаа түүхийн танин мэдэхүйн сэдвээр тогтмол бичиж үүх түүхээ тэдэнд танилцүүлж байна.

Та юунд хамгийн их сэтгэл зовнидог вэ?
– Миний сэтгэлийг байнга зовоож явдаг зүйл бол монголчуудын эв түнжингийн асуудал байна. Үүнээс болж хэдэн зуун жил бид хагарч бударч, бусдын хоол болж ирлээ. Одоо буцаад хагарал амилж эхэлж байна. Монголчууд улс төржиж, намуудад хуваагдаж, эрх мэдлээ булаацалдаж, сүүлдээ өөр хоорондоо хонзогнож, дайсагналцаж байгаа нь нэн тусгүй харагдаж байна. Өрсөлдөөнийг зөвхөн сонгуулийн зарласан хугацаанд хийгээд сонгууль дуусаад нэг нь ялж нөгөө нь ялагдсан бол эх орноо хөгжүүлэх нэг зорилготой болохоор хамтарч эх орноо хөгжүүлэх эрхэм үүрэгтэй. Энэ бол АНУ зэрэг ардчилсан орнуудад тогтсон ардчиллын хатуу зарчим юм. Гэтэл манайхан эрхээ эдэлж буй мөртөө үүргээ умартаж ард түмнээ, төрийн албан хаагчдаа хүний өөрийн гэсэн бүлэгт хувааж, ялсан намын бяр чадлыг үзүүлж, боловсон хүчний бодлогот халгаатай сэлгээ хийж, хөгжил биш хоцрогдол, хямрал руу эргэлт буцалтгүй явж байна. Төрийн байгууллагуудад зөв сэтгэдэг, зөв ярьдаг, зөв бичдэг хүмүүс их цөөрсөн байна. Монголын аль ч салбарт залгамж халаа, төрийн бодлого тасарсан, төрийг самраад хаясан байдалтай болжээ. Энэ бол асар том эмгэнэл, нөхөж баршгүй хохирол болж байна. Монгол хүн монгол хүндээ дайсан болсон эл байдал улс орны тусгаар тогтнолд аюул учруулах гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Улс орны, ард түмний эрх ашгийн дээгүүр хувийн, намын эрх ашгийг тавихаа зогсоох цаг ирсэн байна.Тэгэж чадахгүй бол улс маань мөхөж сөнөх нь байна шүү.

Ярилцсанд баярлалаа

Х.Эрдэнэзаяа

 /2014 оны 4 сарын 4 баасан гариг  – “Монголын үнэн сонин”  №064(22576) /

https://www.facebook.com/shirchin.baatar

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …