УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцоруулахыг асуудлыг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод гардуулсан. Энэ талаар О.Баасанхүү гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.
Х.Тэмүүжин сайдыг ямар үндэслэлээр огцрох ёстой гэж үзэж байгаа юм?
-Дөнгөж сая Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцоруулах тогтоолын төслийг өргөн барилаа. Өмнө нь би энэ талаар хэвлэл мэдээллээр тодорхой хэлдэг байсан. Ерөнхийдөө гурван үндэслэл тавьсан. Нэгдүгээрт хууль зөрчсөн, хоёрдугаарт, энэ хүн салбараа удирдах чадваргүй. Эцэст нь ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж байна.
Үндэслэлээ тодруулахгүй юу?
-Тухайлбал, хууль зөрсөн гэдэг үндэслэл дээр Х.Тэмүүжин Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийг төсөвтэй нь хамт шилжүүл гэдэг тогтоол гаргасан. Гэтэл төсвийг шилжүүлэх эрх мэдэл зөвхөн УИХ-д байдаг. Тэгэхээр Засгийн газраас өгөх тогтоолыг Хууль зүйн яамнаас оруулж ирсэн төслийн дагуу шийдсэн гэж байгаа учраас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа юм. Мөн 3.2 тэрбум төгрөгийн үнэтэй MRI аппарат эвдэрсэн. Тэр аппарат Батлан хамгаалах яам руу шилжүүлнэ гээд авлагын дансанд дээр байсан боловч Хууль зүйн яамны зүгээс тодорхой алхам хийхгүй байсаар өдийг хүрч Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсээд явж байна. Мөн Хууль зүйн сайдыг хэдэн хууль санаачилснаар эсвэл хэр олон удаа хэвлэлээр гарснаар нь түүний ажлыг хэмжихгүй шүү дээ. Харин гэмт хэргийн илрүүлэлт,гэмт хэргийн гаралт, иргэдийн амгалан тайван байдал ямар байна гэдгээс хамаарна. Гэтэл өнөөдөр дайны дараах фронтын мэдээ шиг хүний амь эрсдсэн талаар мэдээлж байна. Гэмт хэрэг хоёр дахин өссөн байна. Хулгайн хэрэг гурав дахин өссөн байна. Энэ бүхэн Хууль зүйн сайдын асуудал.
-Хуулийн хугацаа хэдий хүртэл байна вэ?
-Өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор Байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэх үүрэгтэй байдаг.
-Х.Тэмүүжин сайдыг олонхиор авч үлдэх магадлал өндөр шүү дээ?
-Тэгээд л нэг буруу жишиг тогтох байлгүй. Дараагийн сайд нь ийм л юм хийж болно гэсэн үг шүү дээ.
Д.Анар Үнэн.мн