
Сүүлийн 22 жилийн мөчлөгөөс харахад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1994 онд түүхэн дээд хэмжээндээ хүрч 72.5 мянга болж байсан бол 2008 онд 30.8 мянга болж хамгийн бага хэмжээндээ хүрч байжээ. Энэ оны эхний нэгдүгээр улирлын хугацаанд нийт 16 мянга 585 хүн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлснээс 24.1 хувь нь ажилд зуучлагдан орсон байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад иргэд хөдөлмөрийн хэлтэст шинээр бүртгүүлэх хандлага улам нэмэгдэж байгаа аж.
Тухайлбал 2012 оны эхний улиралд шинээр 14 мянга 320 иргэн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлж байсан бол 2013 онд 14 мянга 442 иргэн бүртгүүлжээ. Энэ нь нэг талаас иргэдийн идэвх, нөгөө талаас хөдөлмөрийн биржийн бүртгэл цахимжсантай холбоотой юм. Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй иргэдийн дийлэнх нь буюу 43.2 хувь нь бүрэн дунд боловсролтой байгаа бол 27.2 хувь нь дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн иргэд байна. Харин боловсролгүй иргэдийн эзлэх хувь хамгийн бага 0.7 хувьтай тэнцэж байгаа юм байна.
Д.Амар