Хүүхэддээ овъёосны агшаамал өгч байгаарай. Хүүхдэд төдийгүй томчуудад хамгийн ашигтай агшаамал бол овъёосных юм байна.
Түүний бүтцэд орсон олон төрлийн витамин, микро элемент нь сэтгэл санаа, биеийн эрч хүчид эерэгээр нөлөөлөхөөс гадна “муу” холестерины түвшнийг бууруулж, тэр бүү хэл наслалтыг уртасгадаг гэж эрдэмтэд баталж байна. АНУ-ын Хойд Каролина мужийн Хөдөө аж ахуй, техникийн их сургуулийн шинжээчид олон жил судалгаа явуулсны эцэст “Багадаа тогтмол овъёосны агшаамал идэж өсөх нь нас биед хүрсний дараа хавдраас сэргийлэхэд тустай” гэж мэдэгдлээ.
Эрдэмтэд 3 настай хүүхдүүдийг судалгаандаа хамруулжээ. Тэд нийт 10 мянган хүүхдийг 7 жилийн турш ажиглаж, судалсан ажээ. 7 хоногт 5 удаа овъёосны агшаамал иддэг хүүхдүүдийг огт ийм агшаамал иддэггүй буюу хааяа хэрэглэдэг хүүхдүүдтэй харьцуулахад илүүдэл жинтэй байх нь 2 дахин бага байв. Шинжээчид “Биеийн жин хэвийн байх нь хорт хавдар тусах эрсдэлийг эрс бууруулдаг” гэж дүгнэжээ.