
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Мэргэжлийн хяналтын байгууллагыг Шадар сайд Д.Тэрбишдагваар төлөөлүүлж МАХН гартаа бүрэн авсан. Өмнөх Засгийн газруудын үед ажил, үүргээ алдаа оноотой ч гэлээ давгүй хэмжээнд гүйцэтгэж ирсэн бол салбар хариуцсан сайдаар Д.Тэрбишдагва томилогдож, даргын үүрэг гүйцэтгэгчээр түүний үнэнч албат Д.Батмөнх сууснаар энэ байгууллага мэдлэг боловсрол, чадвар харгалзахгүйгээр боловсон хүчнийг жинхэнэ шахдаг газар болж хувирчээ. Дарга Д.Батмөнх нь дээрээс өгсөн үүрэг, даалгаврыг ёсчлон биелүүлж, халаа сэлгээг хайр найргүй явуулсан байна. Тэрбээр 17 аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, МХЕГ-ын газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн зэрэг 40 гаруй хүнийг ажлаас нь халаад байгаа аж.
Өдгөө ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тэдгээр хүмүүсээс 10 гаруй нь Захиргааны хэргийн шүүхэд хандан шүүхдэлцэж байгаа гэнэ. Зарим хүмүүст холбогдох шүүх хурлын шийдвэр гарч, тэд бүгд өмнө нь хашиж байсан албандаа эргүүлэн ажиллах шийдвэр гарсан ч Д.Батмөнх дарга элдэв янзын шалтгаан тоочиж тэднийг ажилд нь томилохгүй суугаа аж. Гэнэт ажлаасаа хусагдсан нэгэн аймгийн газрын дарга гурван шатны шүүхээр заргалдан байж найман удаа шийдвэр гаргуулсны эцэст сая нэг юм ажилдаа буцаж оржээ.
Д.Тэрбишдагва, Д.Батмөнх нарын эхлүүлсэн “Их хэлмэгдүүлэлт” үүгээр дуусгавар болсонгүй. Тэд сэтгэл нь ханалгүй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, хэлтсүүдийн дарга нар болон таван дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарыг ажлаас нь өөрчилсөн байна. Мөн аймаг, нийслэлийн МХГ-уудаас халагдсан байцаагч, ажилчдын тоо ч тоймоо алджээ. Хамгийн эмгэнэлтэй зүйл нь юу вэ гэхээр халагдсан албан тушаалтнуудын оронд ажилд авсан хүмүүс нь төрийн албаны наад захын шаардлага хангахгүй байгаа бөгөөд төрийн ажлыг шат шатанд нь унагаж, хяналтын салбарын нэр хүндийг шороотой хутгаж байгаа явдал юм. Тус байгууллагын ажилчид, алба хаагчид шинээр байгуулагдсан Шийдлийн Засгийн газраас МХЕГ-т явуулах бодлогоо зөв тодорхойлж, шаардлага хангасан мэргэжлийн боловсон хүчнээр тэдгээр амьгүй албатуудыг өөрчлөх цаг нь болсон хэмээн горьдлого тавин хүлээж байгаа аж.