Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өчигдөр Налайх, Баянзүрх дүүргийн найман сургуульд хүүхдийн автобус хүлээлгэн өглөө.
Тус дүүргүүдийн алслагдсан хороонд амьдардаг бага насны хүүхдүүдийг зөөвөрлөх сургуулийн автобустай болгох санаачилгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан гаргасан юм. Үүний хүрээнд хүүхэд зөөвөрлөх зориулалттай, аюулгүй байдлыг бүрэн хангасан найман ширхэг автобусыг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч, Баянзүрх, Налайх дүүрэгт хуваарилсныг өнөөдөр сургуулиудад нь хүлээлгэн өглөө.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Баянзүрх, Налайх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд дүүрэгтээ дулааны станц, хүүхдийн эмнэлэг, III төрөх, сургууль, цэцэрлэг барья, дүүрэг хотын тохижилтод анхаарч, зам барих хэрэгтэй, мөн сургуулийн бага насны хүүхдүүдийг зориулалтын автобусаар хүргэж өгдөг больё гэх зэрэг олон санаачилга гарган ажилласан. Өнөөдөр дүүргүүдийнхээ найман сургуульд хүүхдийн автобус хүлээлгэн өгөх гэж байна. Бага насны хүүхдүүдийг зөөх зориулттай, тохирох стандартаар хийгдсэн. Ялангуяа аюулгүй байдлын стандартад бид нэлээд анхаарч сонгосон. Ингэснээр Баянзүрх, Налайх дүүргийн алслагдсан хороонд амьдардаг бага ангийн сурагчдын суралцах эрхийг хангахад дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна. Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье” гэлээ.
Ийнхүү Баянзүрх дүүргийн 16 хорооны Улаанхуарангийн 53 сургууль, 9 хорооны Шархадны 79 сургууль, 20 хорооны Гачууртын 85 сургууль, 23 хорооны Улиастайн 87 сургууль, 8 хорооны Эрдэнэтолгойн 92 сургууль, 28 хорооны Хужирбулангийн 120 сургууль болон Налайх дүүргийн Эрдмийн Оргил, Голомт цогцолбор сургуулиудын захирлуудад түлхүүрийг гардуулав.
Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, БСШУЯ-ны дэд сайд Б.Тулга болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.