Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иргэний зориг, ногоон намын /ИЗНН/ Үндэсний хорооны гишүүдтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтын үеэр ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун “Бидний урилгыг хүлээн авч, Үндэсний хорооны гишүүдтэй уулзаж байгаад баярлалаа. Өнгөрсөн баасан гаригт манай Үндэсний хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар хэлэлцсэн. Энэхүү хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшиж буй Ц.Элбэгдорж таныг дэмжиж оролцохоор тогтсон.
Манай нам 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцсон. Бидний төдийгүй ард түмний дийлэнх хэсгийн шийдвэр зөв байсан нь нотлогдсон. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа мөрийн хөтөлбөрөө та тууштай сайн хэрэгжүүлсэн гэж бид үзэж байна. Ялангуяа шударга ёс, сайн засаглалыг тогтоох, авлига хээл хахууль, ажилгүйдэл, архидалттай тэмцэхэд дорвитой алхам хийсэн. Иймээс манай нам Ц.Элбэгдорж таныг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин дэмжихээр шийдлээ. Хэдийгээр сонгуулийн ажил эхлээгүй ч амжилт хүсэн ерөөе” гэв.
Дараа нь Үндэсний хорооны гишүүд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгууштай гэж үзэж буй асуудлуудаар саналаа илэрхийлэв гэж Монгол улсын ерөнхийлөгчийн тамгийн газраас мэдээллээ.