Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

600x600 (1)Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинэ цагийн төрийн удирдах ажилтнуудыг 100 жилийн турш бэлтгэж ирсэн Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус академийн туганд зүүж өгөв.

Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, шинэ цагийн төрийн албаны сургууль Удирдлагын академи байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хөгжлийн үе шат бүхэнд төр, нийгмийн бүхий л салбарт удирдах ажилтныг мэргэшүүлэх, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх, Монгол Улсад ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлж байгаа сүүлийн 20 гаруй жилд төрийн албан хаагчдыг бэлтгэн мэргэшүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж байгаа тус сургуулийн үе үеийн хамт олны хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлж Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Энэ одон бол үе үеийн хүмүүсийн хичээл зүтгэл, хөдөлмөр шингэсэн одон юм. Энэ одонгоор шагнах шийдвэрийг түүхэн ой давхацсан үед гаргасныг онцолж хэлмээр байна.

Монголын ард түмэн харийн талхигдалд 200 гаруй жил зовсны дараа Монголын олон овог аймаг, олон монголчууд ар Монголын шашны тэргүүн Богд хааныг тойрон хүрээлж, үндэсний үзэл санаан дээр эвлэлдэн нэгдэж, олон улсын цаг үеийн тухайн байдлыг гярхай ажиглаж, Монголыг эзэрхийлж байсан харийн хааны ширээ хэлтийснийг ашиглаж  эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн босгон дээр 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ түүхт сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Өнгөрсөн 100 гаруй жил Монголын түүхэнд гуниг ч байсан, бас ололт амжилт, бахархам үйл явдлаар дүүрэн байсан.” гэв.

Энэ сургууль нь Богд хаант Монгол Улсын үеэс хойш 100 жилийн хугацаанд олон үеийн боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Монгол Улсын Ерөнхийлөгч, төр өндрөөр үнэлж энэхүү шагналыг хайрласан байна.

Г.Туяа

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …