ОХУ-ын нийслэл Москва хотод их хэмжээний цас орсны улмаас Зул сарын баярын өдрүүдэд замын хөдөлгөөн болон агаарын нислэгүүдэд хүндрэл учруулаад байгаа гэнэ. Хотын цагдаагийн газрын мэдээлснээр нэг цагийн дотор 500 гаруй зам тээврийн осол бүртгэгдсэн төдийгүй 200 нислэг хойшлогдоод байгаа аж. Түүний дотор нэлээд ноцтой 45 авто осол гарсан байна.
Оросын онлайн замын хөдөлгөөний хяналтын “Яндекс Пробки” сайтад 60 километр үргэлжилсэн урт түгжрэл үүсээд байгаа тухай мэдээлсэн байна. Түүнчлэн Москва хотод орсон 25 сантиметрийн зузаантай цасыг арилгахаар 11 мянган ширхэг цас арилгах хэрэгслүүд ажиллуулж байгаа аж.
Замын хөдөлгөөн зохицуулах газраас иргэдийн алхаж явахыг зөвлөж байгаа боловч автобус, метроны буудал хүрэхэд ч хүндрэлтэй болоод байгаа тухай иргэд ярьжээ. Харин хотын удирдлагууд баасан гарагийн өглөө гэхэд цасыг бүрэн цэвэрлэж дуусгана гэсэн амлалт өгөөд байгаа гэнэ.
Б.Саруул
Эх сурвалж: www.eagle.mn