Мүүнийн шашныхан дэлхий нийтийн элдэв арга хэмжээг өөртэй хамааруулалгүйгээр өнгөрүүлнэ л гэж бараг үгүй. Тэд элдэв тэмдэглэлт өдрүүдийг яаж ийгээд л өөртэйгээ холбоод авдаг араншинтай улс. Ямар сайндаа л хэдэн жилийн өмнө манай улсад Хүн гүрний Их наадмыг Солонгосын Мүүнийхэн зохион байгуулж байхав дээ. Угтаа бол тэд Хүннү гүрэнтэй ямар ч холбоогүй юм шүү дээ.
Дэлхийн энх тайван, эв нэгдэл, ариун хайр, нөхөрлөл гэх зэрэг үгсийг уриа лоозунгаа болгодог Мүүнийхэн өөрсдөө тийм ч ариун гэгээн биш гэдгийг дэлхий нийтийн оюунлаг ертөнцийнхэн нэгэнт мэддэг болсон. Гэвч Мүүнийхэн ээлжит арга хэрэглэн олон нийтийг өөрсдийн шашин, “бизнес”-ийн олон талт арга хэмжээндээ татан оролцуулах хувилбарыг бодож олон хэрэгжүүлсээр л байна.
Тухайлбал, АНУ-д хар арьстнуудын эрх чөлөөний дуу хоолой болж, “Би мөрөөдөж байна” хэмээх агуу илтгэлээ 1963 оны 8 сарын 28-ны өдөр мянга мянган хүний өмнө тавьж байсан Мартин Лютер Кингийн эл илтгэлийг тавьсны 50 жилийн ойг угтаж Монголын Мүүнийхэн “Олон улсын залуу удирдагчдын II чуулган” гэх аялал – арга хэмжээ гэгчийг санаачилж, түүндээ залуусыг оролцохыг уриалжээ. Харамсалтай нь энэ аялалын цаана Мүүнийхэний мунхрууулал байгаа гэдгийг манай залуусын хэн нь төсөөлөхгүй байгаа биз ээ.
Энэ мэтийн Мүүнийхэний нарийн арга барил улам бүр хүрээгээ тэлж, Монголын ирээдүй болсон хүүхэд залуусыг харь Солонгосын этгээд шашин соёлдоо уруу татсаар байгаа нь харамсалтай.
Ц.Мөнх