Ням гаригт Индонезийн Сурабай хотоос Сингапур руу нислэг үйлдэж явсан, агаарын тээврийн “AirAsia” компанийн Airbus A320-200 нисэх онгоц алга болоод, эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа билээ. Тэгвэл энэ онгоцоор зорчих ёстой байсан нэгэн гэр бүлийн 10 хүн хэрхэн,ямар азаар энэхүү аймшигт нислэгээс хоцорсон тухайгаа Sydney Morning Herald сонинд өгүүлжээ.
Гэр бүлийн тэргүүн Ари Путро Каньехогийн ярьснаар, цахим шуудангаа шалгаж амжаагүй, мөн AirAsia нисэх компаниас утасдаагүйн улмаас уг нислэг хоёр цагаар урагшилсан болохыг мэдээгүй аж.
Тэд хэдхэн минутаар хоцрон, бараг цагтаа шахуу ирсэн хэдий ч нисэхийн ажилтнуудтай хэл ам татлаад байхыг хүсээгүй тул дараагийн нислэгээр зорчихоор тохиролцсон байна.
Ингээд удалгүй байж байтал нисэх компанийн төлөөлөгч тэдэн рүү хүрч ирээд, гайхалтай зүйл мэдээлсэн гэнэ. Тэрээр “Энэ бол танай гэр бүлийнхний Зул сараар авсан хамгийн гайхалтай бэлэг болох байх. Та нарын нисэх ёстой байсан онгоц сүйрчихжээ” гэсэн аж.
“Би онгоцонд амжиж суухаар яаран сандран гүйлдэж байсан хүмүүсийг санаж байна. Эрлийн багийнхан тэднийг хурдан олно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн эхнэр Кристианавати өгүүлсэн аж.