МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

92cd3bcd3319a204bigТа бүхэнд айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэн мэндчилье.

               2014 оныг Монголын Залуучуудын Холбоо амжилт бүтээлээр дүүрэн үдэж зорилготой, мөрөөдөлтэй, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө цохилох зүрхтэй олон мянган залуучуудынхаа төлөө шинэ бодлого, шинэ санаачлага дэвшүүлэн “ЗАЛУУСАА НЭГДЬЕ” уриан дор аймаг, дүүрэг, сум орон нутаг дахь залуусынхаа идэвх оролцоог нэмэгдүүлэн хамтран ажиллаж бодит үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлснээр Монголын залуучууд нэгдэж, бүтээж чаддаг гэдгээ харууллаа.

Олон Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа идэвхжүүлэн шинэ түвшинд гаргаж чадлаа. Үүний тод жишээ нь Дэлхийн Залуучуудын Ассемблейн 65 жилийн түүхэнд анх удаа  Монгол хүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож Монголын Залуучуудын Холбоо улс орноо Олон Улсад төлөөлөх чадвартай нөлөө бүхий байгууллага болохыг илтгэсэн юм. Залуучууд бидний хамтын амжилтаар МЗХ-ны нэр дэлхийд тодрон гарч, үүрэг хүлээх дэлхийн хэмжээний байгууллага болон тодорлоо. 2015 онд “Азийн Залуучуудын чуулган”-ыг Монгол Улсад анх удаа зохион байгуулах хүндтэй бөгөөд нэр төртэй эрхийг авч чадсан явдал юм.

Энэ дашрамд бидний үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилласан төрийн болон төрийн бус, Олон Улсын байгууллагууд, бизнес эрхлэгчид, аймаг орон нутгийн удирдлагууд, залуучууд та бүхэндээ МЗХ-ны хамт олон болон Монголын мянган мянган залуучуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Мөн 2015 онд бидэнтэй улам нээлттэй, бүтээлч, үр дүнтэй нийгмийн хариуцлагатай хамтын ажиллагааг бий болгохыг та бүхэнд уриалж байна.

                Мөн энэ онд залуучуудад чиглэсэн бүтээн байгуулалт, ухаалаг төр, тогтвортой гэр бүл гэсэн гурван зорилтын хүрээнд хэд хэдэн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж,  21 аймаг бүрт “Залуучуудын бодлогын хэлэлцүүлэг”-ийг амжилттай зохион байгуулсан нь залуучууд хамтран нэгдэж, хийж бүтээж чаддагын тод илрэл болохыг сайшаан цохон тэмдэглэх нь зүйтэй болов уу.

                Монголын залуучууд бол Монголын үнэт өв бөгөөд сайн сайхан гэрэлт ирээдүйг цогцлоон бүтээгчид билээ. Бидэнд цаашид оролцоогоо ахиулж, хамтран нэгдэж хийж бүтээх олон ажлууд байна. Та бүхний идэвх, оролцоо, зорилго, хүсэл мөрөөдөл МЗХ-ны цаашдын тогтвортой үйл ажиллагааны бат суурь байх болно.

           Ингээд Залуучуудын байгууллагын үе үеийн ажилтнууд, ахмадууд, 21 аймаг, 9 дүүргийн салбар холбоод,  дэргэдэх хороо, залуучуудын зөвлөл болон нийт залуучууддаа ирж буй шинэ ондоо амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ДЭЛХИЙН ЗАЛУУЧУУДЫН АССЕМБЛЕЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ

АЮУШИЙН МӨНХБАТ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …