Мэргэшсэн нягтлан бодогчид тангараг өргөлөө

IMG_72952014 оны сүүлчийн энэ өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд шинээр мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан нягтлан бодогчид тангараг өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Энэхүү үйл ажиллагааг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс зохион байгуулсан бөгөөд шинээр эрх авсан хүмүүс мэргэжлийн ёс зүйг сахихаа батлан тангараглаж тангараг өргөдөг уламжлалтай.

2014 оны сүүлийн хагас жилд явагдсан мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтаар 149 хүн шинээр мэргэшсэн нягтлан бодогч болох эрхийг хангалаа.

Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч хэмээх хүндтэй сайхан цол хүртсэн  баярын энэ өдөр нягтлан бодогчдод мэргэжлээ дээдлэх баяр бахархал төрж, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт хэмээх мэргэжлийн байгууллагын гишүүн болж эгнээгээ өргөтгөдөг.

Мэргэшсэн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслолын ажиллагаанд Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын комиссын гишүүд, шинээр эрхээ авсан болон хугацаагүй эрхээ авсан мэргэшсэн нягтлан бодогчид, аудиторууд, ММНБИ-ийн хамт олон оролцлоо.

IMG_7317Шинээр мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авч байгаа нягтлан бодогчдоос хамгийн ахмад нь 50 настай МУИС-ийн бизнесийн сургуулийн нягтлан бодогч Ч.Байгалмаа  байлаа. Тэрбээр мэргэшсэн нягтлан бодогчийн тангарагийн бичвэрийг манлайлан, бусад нь даган  уншиж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэв.

“Мэргэшсэн нягтлан бодогч” хэмээх энэ цолыг 1993 оноос эхлэн манай улсад олгож эхэлсэн бөгөөд шинээр эрх авсан нягтлан бодогчидтой нийлээд Монгол улс нийт 3565 мэргэшсэн нягтлан бодогчтой боллоо.

Мэргэшсэн нягтлан бодогч болсноор нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар олгогдсон төрийн болон төсвийн байгууллагад ажиллах эрх, цалингийн 15 хувийн нэмэгдэл, аудитор хийх боломж, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, цаашлаад дэлхийн мэргэжлийн байгууллагын гишүүн болж, мэргэжлээрээ өсч дэвших боломжтой болдог юм.

2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Сангийн сайдын 252 тоот тушаалаар мэргэшсэн нягтлан бодогчийн 5 жилийн эрхийг 153, хугацаагүй эрхийг 76 нягтлан бодогч  авчээ. Мөн энэ өдөр мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй болсон нягтлан бодогчид гэрчилгээгээ гардлаа. Мэргэшсэн нягтлан бодогч нь байнга тасралтгүй сурч, мэдлэгээ дээшлүүлж хөгжүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд 7 жил сурч, шалгалт шүүлэг давж байж сая хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч болдог билээ.

    ММНБИ-ээс мөн аудитор бэлтгэдэг бөгөөд Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламжийг 53 нягтлан бодогч авсныг мөн тангараг өргөх ёслолын үеэр ММНБИ-ийн удирдлагууд гардуулав.

IMG_7314

Г.Туяа

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …