Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүнүүд шинэ он гарах мөчид улс орныхоо иргэдэд хандаж хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.
Үүний араас Нийтийн сонсголын, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, Захиргааны, Иргэдийн оролцооны, Ирээдүйн өв сангийн тухай хууль зэрэг иргэдийнхээ эрх ашгийг дээдэлсэн, албан тушаалтанд үүрэг хариуцлагыг нь сануулсан, шударга ёсыг тогтооход жинтэй хувь нэмэр болохуйц олон хуулийг ирэх онд хэлэлцэн батлуулахаар төлөвлөж байна.
2015 он бол Монголчуудын хувьд алт шиг үнэ цэнэтэй, хором бүрийг нь алдалгүй ашиглах чухал он байх болно.
Цаг хугацаа бидэнд гадаадын мөнгөн тэмдэгтээс ч илүү үнэ цэнэтэй хамгийн чухал хөрөнгө оруулалт. Гарч буй шинэ жил ирээдүйн хөгжлийн 10 жилтэй тэнцэхүйц тийм үнэ цэнэтэй байх болно.
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ ПУТИН:
Гарч байгаа жилдээ хүн бүр эх орныхоо хувь заяа, ашиг сонирхлын төлөө шударга, үнэнчээр хариуцлагатай зүтгэн ажиллаж, эв нэгдлийг эрхэмлэнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний тэмүүлж буй төлөвлөгөө, зорилго, мөрөөдөл бол аугаа юм.
Ирэх онд бидэнд нэлээд үүрэг хариуцлага ирж байна. Үүнд бүтээлчээр, үр дүнтэй ажиллаж, өмнөө тавьсан төлөвлөгөөгөө өөрсдийнхөө төлөө, өөрсдийн үр хүүхдүүд, Орос орныхоо төлөө хэрэгжүүлэх хэрэгтэй.
БНХАУ-ЫН ДАРГА СИ ЗИНЬПИН:
Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам өөдлөн дэвжиж байна. Гэвч ахуй амьдрал нь хүнд хэцүү маш олон иргэн байгааг бид цаг ямагт ухамсарлах болно. Тиймээс иргэдийн амьжиргаатай холбогдсон ажил, ялангуяа ядуусыг тэтгэн, ядуурлыг бууруулах, амьжиргааг нь баталгаажуулах ажлыг сайтар хийж, хөдөө орон нутаг, хот суурины ядуу иргэдэд амьжиргааны үндсэн баталгааг хангах нөхөн олговор өгч, халамж анхаарал тавина.
Бид намын сахилга батыг чангатгаж, үзэл суртлыг хэлбэрэлтгүй цэгцэлж, авлигатай хийх тэмцлийг үргэлжлүүлэн, Коммунист намын удирдсан социалист улс оронд авлигачдыг хатуу цээрлүүлнэ.