Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Рэгжийбуугийн Нямдоржтой ярилцлаа.
-Таныг Алтайн хөх харчуудын нэгэн, улсын заан Даваанямын ах, улсын гарьд Ганбаатарын аав гээд гэр бүл талаас чинь хүмүүс ерөнхийдөө мэднэ. Бөхтэй амьдралаа холбосон замналаа ч нэлээдгүй ярьсан байдаг. Харин бөхийн холбоог байгуулж байх тэр үед хань бараа болж байсан ахмад бөхчүүд гэвэл хэн хэн байв?
-Намайг бөхийн холбоо руу ороход эртний гэх хүмүүс нь Гялдангийн Цоодол гуай, “Дэрэн бор” Сүнрэвийн Самданжигмэд гуай хоёр байлаа. Дөчөөд оны сүүл, тавиад оны эхээр төрийн наадмын түрүү үзүүрт шалгарч явсан хүчит арслангууд шүү дээ. Мөн тавин нэгэн оны улсын наадамд Түвдэн аваргатай үлдэж түрүүлж байсан Жамсрангийн Цэвээнравдан аварга байна. За тэгээд Сэлэнгийн Гомбодагва гэж хамгийн ахмад улсын заан цолтой бөх байсан. Би Вандан аваргын тухай их асууна. Гомбодагва гуай гэхэд “1922 оны улсын наадамд барилдаж хоёр даваад боорцогноосоо жанжин Сүхбаатарт амсуулж байлаа” гэж ирээд л хууч хөөрдөг сөн.Тэгэхээр мөн ч эртний хүн байгаа биз. Гомбодагва гуай худал хэлдэггүй, баримттай яг л үнэнийг хэлдэг сайхан буурал байлаа. “Манай Вандан гуай чинь үнэндээ анги байсан даа. Ярих юм биш. Толгойных нь ар дагзны арьс сарлагийн бухны магнайн арьс шиг зузаан тийм хүн байсан” хэмээн халхын домогт их аваргыг нүдээр үзсэн их хувь заяагаараа бахархана. Ахмад хүчтэнүүдийн ярианаас Лу гүний Вандан гэж ямархан аварга амьтан байсан нь мэдрэгдээд ирдэг. Оросын сэтгүүл дээр хэвлэгдсэн Вандан гуайн идэр залуугийн зургийг манай бөхийн холбооныхон олж ном сонинд гаргасан даа.
-Түрүүнд та Цоодол арслан, Самданжигмэд арслан хоёрын талаар дурдаад өнгөрлөө?
-Самданжигмэд гуай ухаан санаа сийрэг лут хүн байлаа. Цоодол гуай “Дэрэн бор”-ыгооманай “дэрэн хар” гэнэ. Тэгснээ “Би энэний үгнээс гаралгүй өдий хүрлээ” гэнэ. Тэр нь ч үнэн. Амьдрал дээр, монгол бөхийнхөө дэвжээн дээр ч Цоодол гуай Самданжигмэд гуайгаас л бүх зүйлээ асууж ирсэн юм билээ. Манайхан мэднэ дээ. Жаран гурван оны наадмын тавын даваанд хоёр арслан ярилцаад Увсын Баянмөнх, Төв аймгийн Дагвасүрэн гэсэн 19 настай хоёр залууг нэг нэгээр нь амлаж аваад улсын цолонд хүргэсэн байдаг. Цоодол гуайгаар тав давсан Баянмөнх төрийн наадамд арав түрүүлсэн бол, Самданжигмэд гуайгаар тав давсан Дагвасүрэн улсын наадамд гурав үзүүрлэсэн. Арвайхээрийн Банди гэж Вандан аварга, Буур Жамъян аварга нарын үеийн домогтбөхийн гарын хоёр шавь шүү дээ.
Ерээд оны эхэн үеэс миний түшиг тулгуур болж ирсэн хүн бол Дагвасүрэн арслан юм. Тухайн үед арслан маань 40 гарсан л хүн байж. Өнөө жил далан нэгэн насандаа өөд боллоо. Бөхийн авьяасаас гадна шинжлэх ухааны хүн. Өндөр боловсролтой, соёлтой хүн болохоороо нөхөрлөлдөө их үнэнч, шулуун шударга зантай ясны зарчимч мундаг хүн байлаа. Аливаа зүйлд намайг биеэрээ хамгаалж ирсэн хүн. Наадмын ерөнхий цэцээр ажиллаж байхдаа миний өмнөөс тавьтаргүй бөхөд төв цэнгэлдэхэд элэгдүүлээд зогсож байлаа. Өнөөдөр монгол бөх эрэмбэндээ орчихсон. Түүнээс ерээд оны эхэн дунд үед мөн ч хэцүү байлаа шүү дээ. Мөн 2002, 2003 оны бөхийн өргөө рүү хэсэг бүлэг хүмүүс дайрдаг тэр үед Дагвасүрэн гуай л ганцаараа Данзан бид хоёртой үлдээд гааздуулж байсан түүх ч бий. Тийм түшигтэй сайхан хүн байлаа.
-Дагвасүрэн гуай гааздуулаад гэснээс заан Ганболд, Амгаа, начин Дуламсүрэн гээд нэр бүхий бөхчүүд Бөхийн өргөө рүү нохойтой дайрч сүрхий юм болж байсан?
-Ардчилсан нийгэм хүнд ямар авир байна түүнийгээ гаргах эрх чөлөөг өгдөг юм байна. Хэсэг бүлэг хүмүүс бөхийн өргөөний дөрвөн талаас нохойтой зэрэг дайрч үүд хаалгыг цөм өшиглөөд дээрмийн шинжтэй орж ирсэн. Тэдний ингэж улайран дайрсан шалтгаан ерөөсөө бөхийн өргөөг эзэлж авах гэсэн атгаг санаа агуулсантай холбоотой. Ашигтай гэж ойлгоод л улайрахгүй юу. Ер нь хувьчилж авах гэж үзсэн нь тэр л дээ. Бидний барьсан бодлого бол бөхийн өргөөг хувьчилж болохгүй гэж үздэг. Хувьчлах тухай асуудал бөхийн өргөө баригдаж дуусаагүй байхад л яригдсан. Төрөөс өгсөн 800 сая дээрээ түшиглээд Төрийн өмчийн хороо шалгаад эхэлж байсан. Бөхийн холбоо эзэнтэй, удирдах бүрэлдэхүүнтэй, хууль ёсны ажил үүргээ гүйцэтгэж байсан болохоор тэд зүгээр нэг дайраад амжилт олохгүй юм байна гэж үзсэн. Тэгээд хууль бус хэд хэдэн хурал хийсэн.
-Үндсэндээ тэргүүнээ сонгочихоод тамга тэмдгээ авна гэж дайрсан уу?
-Тэгсэн юм. Гэхдээ энд би хүний нэр ус хэлэхгүй. Болсон явдлыг асуултын чинь дагуу утгачилан хариулж байна. Тэд тамгыг маань булааж авсан. За яахав тамгаа алдлаа. Гэхдээ надад тухайн үед харамсаж явдаг нэг зүйл бий. Манай өрөөний хаалгыг цүүцээр эвдэж, цэвэр дээрмийн шинжтэй улайран дайрч байхад цагдаа нар юу ч болоогүй юм шиг хараад зогсож байсан. Би цагдаа нарт хандан “Та нар энэ хууль бус үйлдлийг зогсоогооч ээ. Байгууллагын эд хөрөнгөд ингэж халдаж болохгүй шүү дээ. Надад та нар шиг цагдаа дүү байна” гэхэд огт хөдлөхгүй байгаа юм. Би дахин дахин шаардсан. Тэгэхэд цагдаагийн хэсгийг ахалж явсан нэг дэд хурандаа “Нямдорж ах аа үнэнийг хэлье. Генерал биднийг битгий хөдлөөрэй гэсэн тушаал өгсөн юм” гэсэн.Генерал гэдэг нь тэр үеийн Цагдаагийн ерөнхий газрын дарга л даа. Цагдаагийн даргын цаана хэн байна гэхээр Хууль зүйн яамны сайд байгаа юм. Тэр чинь 2002-2003 оны үе шүү дээ. Тэгжл цэрэг цагдаатайгаа нийлсэн төрийн аппарат төрийн бус байгууллага руу дээрмийн үйл ажиллагааг гардан зохион байгуулж байлаа. Бөхийн өргөөний дөрвөн талаас нохойтой дайраад, гааз шүршээд юм авч зугтааж байсныг эргээд бодохоор хүүхдүүдийн хоорондын тоглоом ч юм шиг санагддаг. Ер нь тэр үед дээрэм их явагдсан. Нийслэлийн нэр бүхий хүмүүс Бөхийн өргөөний эзэмшилд байсан машины зогсоолын газруудыг дээрэмдэж аваад л бүгд нэг нэг байшин барилга барьчихсан. Уул нь төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд төрийн байгууллага хүч түрэмгийлэн орж болохгүй. Бид цэрэг цагдаа, төр, хэсэг бүлэг бөхчүүдээс ямар чиг байсан Бөхийн өргөөг авч үлдэж чадсан. Тэр бол гавьяа. Бараг л түүнийх нь төлөө гавьяат гэдэг цолыг өгч болохоор.
-Одоо таны хэлээд байгаа, дээр миний нэр дурдсан бөхчүүд ямар санаа бодолтой явдаг бол?
-Бас л бөхийн өргөөг авна гэсэн бодолтой байгаа. “Хувьчлагдаагүй ганцхан объект бөхийн өргөө байна. Үүнийг хувьцаат компани болгох ёстой” гээд ярьдаг, саяхан ч ярьж байна лээ. Улсын аварга болоодөндөр цолтой бөхчүүдийн ярианд ард түмэн итгэнэ. “Энэ хүмүүсийн яриад байгаа худлаа. Тэр чинь ийм учиртай” гээд тайлбар хийвэл дараа нь бүр нарийн аргаар худлаа ярихаа тэд сайн мэднэ. Бусдаар бичүүлнэ. Хичнээн ч удаа наадах чинь худлаа шүү гэж хэлээд нэмэргүй. Ийм нэг зүйлийн учир гогцоо тайлагдах цаг ирнэ л дээ. Би юмыг эргэцүүлэн бодох дуртай. Манай ааваас надад үлдсэн нэг зүйл бол аливааг гүйцэд бодох ухаан юм. Аливаа асуудлын бүх эрсдлийг урьдчилан тооцож байж ажлаа эхэлдэг. Улс орны эдийн засаг хүнд хэцүү цагт бөхийн өргөө байгуулнаа л гэсэн. Энэ бол миний зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр эхэлсэн зүйл биш. Гарах бүх л эрсдлийг тооцсоны эцэст гаргасан шийдвэр.
-Нэг хэсэг Д.Сумъяабазар аварга бөхийн холбоог шүүмжилж баахан ярьсан. Одоо А.Сүхбат аварга бас л яриад байгаа. Тэдний ярьдаг сэдэв нь Данзан, Нямдорж хоёр. Ингэж бусдын бай болохын оронд наад бөхийн өргөөгөө хэн нэгэнд өгчихөж болдоггүйюм уу. Ширээ сандалтайгаа ингэж их зууралдахынхэрэг байна уу. Та нэгэнтээ Бөхийн холбоог бусдад өгч болно. Гэхдээ нэр бүхий найман хүнд өгөхгүй гэж хэлсэн удаатай?
-Бөхийн холбоог Данзан бид хоёр хувьчлаад авчихсан биш дээ. Цаашид хэн нэг нь удирдаад явах болно. Гэхдээ бид хоёрт бодож санаж төлөвлөсөн зүйл байна.
Аль тэртээ ерэн найман онд бөхийн өргөөг ашиглалтад өгөөд эрдмийн ажлаа хөөе гэж ярилцсан. Гэвч тэр үед ойр дотнын бүх хүн зөвшөөрөөгүй юм. Тэгээд ч 1998 онд III Их Эеэр намайг бөхчүүд нэр дэвшүүлээд тэргүүнээрээ сонгоод үргэлжлүүлэн ажиллах үүрэг өгсөн. Ингээд 2002 он боллоо. Бөхийн цолны шинэчлэлийн асуудал ид яригдаж байсан цаг.
Бид шинэчлэлийн бодлогыг 2000 онд эхлүүлсэн юм. Харцага, гарьд цолыг бий болгож, улсын наадмын дөрвийн давааг оноолтоор барилдуулдаг, ижил цолтой бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлдэг болсон. Энэ шинэчлэл монгол бөхийг аварсан юм. Найраа гэдэг зүйл газар авчихсан, тэр жилийн наадмаар хэн хэн улсын цолонд хүрэх вэ гэдгийг цагаан сараар тохирчихдог байсан тийм л цаг. Монгол бөх үзэгчгүй болоод сөнөх тал руугаа хандсан байв. Аливаа юм худлаа л байвал үнэ цэнээ алдан устаж үгүй болдог. Монгол бөхөд хийсэн шинэчлэл үргэлжлээд явсан учир 2002 оны бөхийн холбооныдөрөвдүгээр “Их эе”-ийн төлөөлөгчид намайг дахин сонгосон. Гэвч тэр хурлаас хилс хэрэг үүсгэсэн юм. Тэрхүү хилс хэрэг өнөөдөр ч үргэлжилсээр байна. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд өнгөрсөн 25 жилийн хугацаанд монгол бөхчүүд аргадах, алгадах аавтай хүн шиг байсан.
-Өнгөрөгч зуны наадмаар найман жилийн өмнө зодог тайлсан А.Сүхбат аварга зодоглосон. Наадмын өмнөхөн Г.Өсөхбаяр аваргын хамт дархан аварга цол хүртээд зодоглосон. Гэтэл бас л асуудал гарсан. Зүүний магнайд хэн гарах вэ гэдэг дээр маргаан болсон. Сүхбат “Би гарна” гэж орилж хашгирсан дуулддаг. Үүнд та огт тайлбар өгөлгүй өдий хүрлээ?
-Яах вэ, олон түмэн юмыг ойлгоно биз ээ. Хэн зүүний магнайд гарах вэ гэдэг бол монгол бөхийн эрэмбийн асуудал. Тэрхүү цолны эрэмбэ дарааллыг чинь Монгол Улсын Ерөнхийлөгч биш Монголын үндэсний бөхийн холбоо гаргадаг юм. Засгийн газрын дүрмэнд тэгж заасан байдаг. Бид хууль дүрмийнхээ дагуу л эрэмбэлсэн. Бөхийн холбоо бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлнэ гэхээр ганцхан Нямдоржийн асуудал биш. Тэнд тусгай мэргэжлийн баг ажилладаг. Тэд бөхчүүдийнхээ үзүүлсэн бүхий л амжилтыг үзэж эрэмбийг гаргаж байгаа. Түүнээс хэн нэгэнд нь дотно гээд буруу эрэмбэлэх өөдгүй зан, муу жудагтай хүн би биш.
-Сүхбат, Өсөхбаяр хоёрын хувьд нэг өдөр нэг зарлигаар дархан аварга цол хүртсэн. Тэгэхээр өмнөх эрэмбээр нь явах уу, эсвэл улсын аварга цолтой бөхчүүдэд эрэмбэ хамаардаггүй юу?
-Өмнөх амжилтынх нь илүүгээр эрэмбэлдэг журам дүрэм байна. Түүгээр эрэмбэлээд Өсөхбаяр зүүний магнайд гарах учиртай. Гэвч нөгөө бөх нь “Ерөнхийлөгчийн зарлигт миний нэр түрүүлж дуудуулсан. Тэгэхээр би дархан аварга цолыг түрүүлж авсан” гэж үзсэн л дээ. Түүнд хариу өгөх бэлээхэн жишээ байна. 2003 онд бөхийн шинэчилсэн дүрмээр харцага цолыг бий болгож төрийн наадамд зургаа давсан бөхчүүдэд уг цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар нөхөж олгосон. Хэрвээ Ерөнхийлөгчийн зарлигийн номер дугаараар эрэмбэлдэг бол тэдгээр бөхчүүдийн өмнөх амжилт хэнд ч хэрэггүй болно. Бас үндэсний их баяр наадмын бөхийн салбар хороо, үндэсний бөхийн холбоо гэж байхын хэрэггүй.
-Өсөхөө аварга амжилтаараа зүүний магнайд гарах учиртай байж. Гэтэл яагаад Сүхбат аваргыг гаргачихсан юм. Бөхийн холбоо яагаад хууль дүрмээсээ ухрав?
-Аливаа юманд ухаантай нь хохирч байж хорвоо оршин байдаг юм билээ.Ах дүүсийн амьдралд ч ийм. Төрт ёсны тэр том баярыг дэлхий дахинд эвгүй байдлаар харуулах, мөн ард түмнээ бас эвгүй байдалд оруулахгүйн тулд ухаантай нь тухайн асуудалд буулт хийхээс аргагүй болсон.
-Монгол бөхийг ингэж их гааруулж, алдаршуулах хэрэг байна уу даа гэсэн бодол надад төрдөг. Уучлаарай. Төрийн наадамд тав давсан нэг нөхөрт Монголын төр цол чимэг хайрлаад л, Ерөнхийлөгч нь зарлиг гаргаж өгөөд л. Ингэхийн хэрэг байна уу. Статусыг нь буулгах хэрэгтэй юм биш үү. Ухаандаа цол чимгийг нь бөхийн холбоо өөрөө өгдөг болбол яасан юм бэ. Наад бөх чинь баялаг бүтээгчид биш шүү дээ?
-Бөхийн цолыг бөхийн холбоо олгодог байсан. 2003 оноос Ерөнхийлөгч өгдөг болчихсон. Ард түмэн бөхтэй холбоотой бүх зүйлийг бөхийн холбоо мэднэ гэдэг. Наад захын жишээ гэхэд “допинг хэрэглэсэн бөхчүүддээ арга хэмжээ аваач ээ. Нямдорж хахууль авчихаад чимээгүй байна” гэдэг. Ингэж хэлж байгаад учир бий. Бөхтэй холбоотой бүхий л асуудлыг бөхийн холбоо мэдэх ёстой гэж ард түмэн үзэж, ойлгоод байгаа нь энэ. Тэгэхээр цаашдаа бөхийн цолыг бөхийн холбоо өөрөө өгдөг болох ёстой. Ерөнхийлөгч үүнээс татгалзах хэрэгтэй. Мөн допинг болоод бөхчүүдтэй холбоотой сахилга хариуцлагын асуудлыг бөхийн холбоо өөрөө шийддэг байх нь зөв. Бөх гэдэг чинь өөрөө ард түмний зүйл. Бөхийн холбоо бол ард түмний төлөөлөл болох төрийн бус байгууллага. Үүнд төр оролцох хэрэггүй.
Та сая бөхчүүд баялаг бүтээдэггүй гэлээ. Ингэж ойлгох нь бас өрөөсгөл. Урлагийнхан тэгвэл материаллаг баялаг бүтээдэг хүмүүс үү. Жишээлбэл, төрийн шагналт жүжигчин Н.Сувдаа ямар материаллаг баялаг Монголд бүтээсэн бэ гэвэл тийм зүйл үгүй. Сувдаа жүжигчин тайз дэлгэцэнд бүтээсэн дүрээрээ ард түмний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авчирдаг, жаргал бэлэглэдэг. Сэтгэлийн цэнгэл амссан хүмүүсийн амьдрах эрч хүч улам нэмэгдэж, цог золбоотой болдог. Ийм зүйлийг бүтээдгээрээ тэд үнэтэй юм. Бөх бол яг л үүнтэй ижил зүйл.
-Тэгвэл танаас бас нэг зүйлийг асууя. Сүүлийн гурван ч наадамд Увсын бөх түрүүллээ. Гэтэл төв цэнгэлдэхэд “Увс нуур” дуу эгшиглэх болсон. Үүнд та ямар бодолтой байдаг вэ?
-Наадах чинь нэг их ач холбогдол өгөөд байхаар том зүйл биш л дээ. Манай Алтайнхан шинэ жилийн цэнгүүн юм уу, аймаг орон нутгийнхныгаа хамруулсан баяр дээр “Зулай цагаан Алтай”-гаа дуулдаг. Харин төрийн наадам дээр бол арай өөр. Монгол төрийн наадамд түрүүлсэн хүчтэнээ угтаж аваад төв цэнгэлдэхдээ “Халуун элгэн нутаг”-аа дуулбал сайхан л байх байх. Би хувьдаа ийм бодолтой байна даа.
Ярилцсан Н.ГАНТУЛГА
Эх сурвалж: www.dnn.mn