МҮОНРТ хэмээх их айл шинэ оныг нэлээн бужигнаантай угтаж байна. Хуучин оны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболдын чуулганы үеэр хэлсэн үгнээс болж МҮОНРТ-ийн уран бүтээлчид эсэргүүцэн уучлалт гуйхыг хүссэнээр асуудал улам хурцадсан.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2015 оны 01 сарын 02-ны “амралтын өдөр” яаран сандран хуралдаж Ерөнхий захирал М.Наранбаатарын өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Сосорбарам гавьяатын давшилт, асуудлыг нягт тунгаагаагүй гишүүдийн байр суурь, эмх цэгц, зохион байгуулалт муутай хуралдаан “ам амандаа шуугисан нялх хүүхэд шиг” шуугиантай өрнөж эцэст нь 2 удаа санал хураасны эцэст М.Наранбаатарын хүсэлтийг хүлээн авч үүрэгт ажлаас нь чөлөөллөө. \
М.Наранбаатар олон нийтийн өмнө хариуцлагатайгаар хэлсэн үгэндээ “2014 оны 12 сарын 18-нд ҮЗ-ийн дарга та Наранбаатар аа шоронд орох уу? өргөдлөө өгөх үү?” гэж УИХ-ын даргын өмнөөс асуулт тавьсан. Энэ үгийг хэн хариуцах вэ? хэмээн дурьджээ.
Хэдхэн хоногийн өмнө телевизээр өгсөн ярилцлагадаа олон жил зүтгэж, хөдөлмөрлөж, бүтээж ирсэн бүхнийгээ хаяад явахгүй гэсэн утгатай зүйл ярьж байсан ч тэрбээр гэнэтхэн өөрийн хүсэлтээр нэрийн дор ажлаа өгчихлөө. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын асуудлыг авч хэлэлцсэн Үндэсний зөвлөлийн хуралдаанд түүний хэлсэн үг, гэнэтхэн яаран сандран эмц цэгцгүй, зохион байгуулалтгүй хуралдсан хурлын нөхцөл байдлаас ажихад шорон гяндангаар айлгаж сүрдүүлдэг төрийн нэрийн дор хүчээр шахам өргөдлийг нь өгүүлснээ нуун далдалж, бодит баримтыг харж нухацтай шийдвэр гаргахад бус хурлын протоколыг бөглөж цаасан дээр буулгах хэдэн үгээ гол болгож байгаа нь анзаарагдав.
МҮОНРТ-ийн ҮЗ-ийн хуралдааны бичлэгийн ЭНД дарж үзнэ үү?
Тэгвэл өдгөө шинэ захирлын сунгаа эхэллээ. Хуралдааны бичлэгээс харахад М.Наранбаатараа чөлөөлөөд шууд л дараагийн хүнээ нэр дэвшүүлж сонгуулах асуудал яригдсан нь анхнаасаа хэлэлцэж, тохирсон, зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан мэт.
Зарим хэвлэл, эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ардчилсан намын нарийн бичгийн дарга Ц.Оюундарь үүрэгт ажлаасаа татгалзаж МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сунгаанд нэр дэвшихээр болжээ. Тэрбээр сургуулиа төгсөөд анх Монгол Телевиз буюу одоогийн МҮОНТ-д сурвалжлагчаар орж aжилласан төдийгүй богино хугацаанд өсөн дэвжиж тоймч, программын даргаар ажиллаж байжээ. Дараахан нь Ийгл телевизийн дэд захирал, МҮОНРТ-ийн захиралаар ажиллаж байсан. 2006-2008 онд АНУ-ын Берклей хот дaхь Калифорнийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Дээд сургуулийг дүүргэж, “Сэтгүүл Зүйн Мастер”-ийн зэргийг хамгаалсан Ц.Оюундарь телевизийнхээ дарга нь болмоор байна гэдгээ МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Х.Чилаажавт шууд хэлж байсан удаатай аж.
Юутай ч 800 гаруй хамт олныг удирдан ард иргэдийг соён гэгээрүүлэх их ачааг нуруундаа үүрч ажиллах МҮОНРТ-ийн захирлыг томилох асуудлыг өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэх юм.
Сандал суудал, хариуцлага, уучлалт гуйхыг шаардсан асуудал үүгээр дууссангүй Монголын хэвлэл мэдээллийг талцуулж орхив. М.Наранбаатар ЕТV, Маss агентлагийг өөрийг нь гүтгэж гүжирдсэн мэдээллийг олон нийтэд удаа дараа хүргэсэн учраас шүүхэд өгч байгаагаа илэрхийлсэн бол Монголын телевизүүдийн холбооноос М.Наранбаатарыг уучлалт гуйх ёстой гэжээ.
…МҮОНРТ дан ганц хөдөө орон нутагт ажилладаг, зөвхөн тус телевиз л ард түмний зовлон жаргалыг сонсдог, нийт нэвтрүүлгийнхээ 90 гаруй хувиа зөвхөн өөрсдөө бэлтгэдэг. Харин бусад телевизүүд эцэс төгсгөлгүй солонгос кино, зар сурталчилгаа, тв тохиролцоо, тв чат зэргээр эфирийн цагаа дүүргэж, хэн нэг улс төрч, нам эвслийн нөлөөнд автсан зэргээр бусад телевизүүдийн үйл ажиллагаа болон уран бүтээлчдийн ажил хөдөлмөрийг үгүйсгэн, харлуулсан мэдээ, мэдээллийг МҮОНРТ-ээс бэлтгэн “Цагийн Хүрд” мэдээллийн хөтөлбөрөөрөө олон нийтэд удаа дараа хүргэж байгаад Холбооны зүгээс харамсаж байгаагаа илэрхийлээд ММ агентлаг, М.Наранбаатар нарыг хувийн хэвшлийн телевизийн уран бүтээлчдээс уучлалт гуйх ёстой хэмээн Монголын телевизүүдийн холбоо үзсэн байна.
Мөн төсөв танагдсан учраас олон нийтийн дуу хоолой болж ажилладаг их айлын гал тогооноос 100 гаруй хүн хасагдах сураг ч дуулдаж эхэллээ.
Г.Туяа