МҮОНРТ-ийн үндэсний зөвлөл өнгөрөгч амралтын өдөр гэнэт хуралдаж тус телевизийн ерөнхий захиралаар ажиллаж байсан М.Наранбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Олон нийтийн радио телевизийн тухай хуулинд заасны дагуу тус байгууллагын эрх барих дээд байгууллага нь үндэсний зөвлөл байдаг. Харин өнгөрөгч 9 жилийн хугацаанд олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлд хэн гэж нөхөд байдаг ямар эрх үүрэг хэрэгжүүлдэгийг олон нийт бараг мэддэггүй байсан гэхэд хилсдэхгүй. Тэднийг ерөнхий захирал М.Наранбаатарынхаа халаасанд орчихсон, олон нийтийн тодотголтой телевизид төсвөөс олгогдож байгаа хэдэн арван тэрбум төгрөгийг эв найрамдалтайгаар захиран зарцуулаад хоцрогдсон бурхинуудтайгаа хамт бугшсан гэх шүүмжлэл гарч байсан ч тэр бүр газар авч байгаагүй. Харин МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг халах сургаар л үндэсний зөвлөлийг шинэчлэх,хуралдуулах асуудал сөхөгдөж эхэлсэн билээ.
Өнгөрөгч оны сүүлээр хуралдсан УИХ-ын чуулганы нэгэн хуралдаан дээр УИХ-ын дарга З.Энхболд шинээр сонгогдсон үндэсний зөвлөлийн гишүүдэд хандаж “та нар архи дарс уух нь замаа алдсан, 100 хүний хийх ажлыг 700 хүн хийдэг, аймшгийн газар очиж байгаа шүү, учрыг нь олоорой” гэж хэлсэн. Харин үүнд эгдүүцсэн телевизийнхэн УИХ-ын дарга З.Энхболдыг уучлал гуйхыг шаардаж олон нийтийн эрх ашигт үйлчилдэг гэх цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийнхөө тал эфирийг З.Энхболдыг зэмлэн буруушааж М.Наранбаатарыг магтан дуулахад зориулсан. Товчхондоо бол УИХ-ын дарга З.Энхболд “М.Наранбаатар гэж нөхөрийн учрыг хурдан ол!” гэдэг лүндэнг буулгаж М.Наранбаатар нь ажлаа өгөхгүй телевиздээ мөнхөрнө гэж гөжсөн үйл явдлын илэрхийлэл энэ байлаа. МҮОНРТ-ийн байгаа байдлыг хэн нэгэн хүн сайн муугаар дүгнээд байх шаардлаггүй. Олон нийт хэнээр ч хэлүүлэхгүй байгаа царайг нь мэднэ. Тиймээс тус телевизийн даипуурал М.Наранбаатарын 9 жилийн хаанчлалын тухай бичих нь илүүц биз ээ. “
Гэвч одоо л нэг “салхи орлоо доо” гэж итгэл найдварын нүдээр харж байсан олон хүнийг гайхшруулсан шийдвэрийг үндэсний зөвлөлөөс гаргалаа. М.Наранбаатарын цагийг дуусгаж Ц.Оюундарийг дэвшүүлэн зайлуулах төлөвлөгөөг АН-ынхан аль эртнээс бэлдсэн байжээ. АН-ын шинэ дарга З.Энхболд намын генсек Ц.Оюундарьтайгаа хамтарч ажиллахгүй гэдгээ аль эрт мэдэгдсэн гэнэ. Түүнийг сайдад томилох тухай яригдаж байсан ч тийм өндөрт хөөргөх бодол намын даргад нь байсангүй. Тиймээс л хаанаас ирсэн тэр газарт нь дэвшүүлэх замаар холдуулах аргыг АН-ынхан сэдэж олжээ. Ц.Оюундарийг МҮОНРТ-ийн захирал болгосноор тус намынхан олон жил эзэлж чадаагүй үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагыг гартаа оруулж чадлаа.
Харин Ц.Оюударь өмнөх захирал М.Наранбаатараас илүү байж чадах уу? гэдэг нь эргэлзээтэй. Тэрээр “Олон нийтийн телевиз бол живж буй титаник, өмнөх нийгмийнхээ арга барилаас салаагүй, эрх баригчдын үзэл суртлын хэрэгсэл болсон газар” гэх мэтээр багагүй шүүмжлэл дэгдээж байсан. Шүүмжлэх амархан. Харин үүнийг хэрхэн яаж өөрчлөх вэ? гэсэн бодлогын хувилбар түүнээс огт гарч байгаагүй. Хэдийгээр туршлагатай сэтгүүлч гэж хэлэгддэг ч олон нийтийн телевизийн дампуурлыг хамт тавилцсан хүмүүсийн нэг. Бас сэтгүүлчийн үйл хэрэгтээ үнэнч байгаагүй нам дагаад явсан. Харин одоо намын томилгоогоор телевизийн захирал болоод ирж байна.
Энэ байдалд эгдүүцэж байгаа уран бүтээлчид Ц.Оюундарийг томилгоог хууль бус гэж үзэж шүүхэд хандахаар бэлтгэж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Хэрвээ шүүхэд хандвал Ц.Оюундарийн томилгоог хүчингүй болгох магадлал өндөр байгаа аж.
Учир нь олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31.3-т МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар дээд боловсролтой, ял шийтгэлгүй, улс төрийн намын гишүүн бус хүнийг томилно гэж тодорхой заасан байхад үндэсний зөвлөлөөс АН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг уг албан тушаалд томилж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж болно. Тэрээр шинэ албан тушаалд очихоос хэдхэн цагийн өмнө генсекээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн харин АН-ын гишүүн хэвээрээ байгаа.
Хуулиар бол ямар нэгэн намгүй хүн МҮОНРТ-ийн захирал болох ёстой. Ямар нэгэн томилгооны дараа намаасаа гарах тухай заагаагүй болох нь хоёрдмол утгагүй уншигдаж байгаа юм. Хэрвээ энэ үндэслэлээр Ц.Оюундарь шүүхэд дуудагвал томилгоо нь буцах магадлал өндөр болж байгаа юм. Мэдээж хэрэг шүүх шударгаар хуулиа хэрэгжүүлбэл шүү дээ…
everyday.mn