Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн салбарт тогтвортой ажиллаж, амжилт гаргаж байгаа малчдыг “Улсын сайн малчин” цол, тэмдгээр шагнаж ирсэн билээ. Уламжлал болон тогтсон эл арга хэмжээ 1992 оноос эхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар 496 малчин энэ цолыг хүртээд буй. Энэ жилийн тухайд орон нутгийн удирдлагууд Засгийн газрын 2009 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан журмын 1 дүгээр хавсралтын 3.8 дахь заалтын дагуу хамгийн өндөр үзүүлэлттэй 3 хүртэлх малчныхаа материалыг энэ сарын 5-ны дотор салбарын яаманд ирүүлээд байна.
Орон нутагтаа мал маллагаараа тэргүүлж, бусдадаа үлгэр дуурайл болж буй малчдыг сурталчилдаг “Улсын сайн малчин” цол, тэмдгээр 2012 онд 55 малчинг, 2013 онд 45 малчинг, 2014 онд 53 малчинг тус тус тодруулж ирсэн. Тэгэхдээ Засгийн газрын 2014 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 5 дугаар тогтоолын дагуу “Улсын сайн малчин” тус бүрт гурван сая, “Улсын тэргүүний малчдын бүлэг” болон “Улсын тэргүүний фермер” тус бүрт таван сая төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулдаг журамтай.
Түүнчлэн Засгийн газрын 2014 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 5 дугаар тогтоолоор журамд нэмэлт, өөрчлөлт орж, жил бүр “53 хүртэлх” малчинг “Улсын сайн малчин” цол, тэмдгээр шагнахаар болсон. Энэ жилийн Улсын сайн малчин Цагаан сарын өмнө тодорно гэж ХХААЯ-наас мэдээллээ.
shuud.mn