Монголын Гиннесийн холбоо, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоод хамтран зургадугаар сарын 26-нд товлогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оюутан, залуусыг идэвхитэй оролцохыг уриалж, санал өгсөн ирцээрээ Дэлхийн гиннесийн номонд бүртгүүлэх санаачлага гаргаснаа өнөөдөр мэдэгдлээ. Тэд “Монгол ньюс” төвд мэдээлэл хийсэн юм. Өнгөрсөн жилүүдэд болж өнгөрсөн сонгуулийн ирцийн дүнг нягтлахад 18-35 насны залуучуудын оролцоо эрс буурсан үзүүлэлттэй байгаа аж. Гэтэл нийт 1.8 сая гаруй сонгогчийн 950 мянга нь 18-35 насны залуучуудаас бүрддэг байна. Тиймээс холбоодын залуус “Нэр дэвшигчдээс хэний төлөө саналаа өгөх нь хамаагүй. Гол нь сонгуульдаа идэвхитэй оролцож саналаа өгөх нь чухал байна. Оюунлаг, сэхээтэнлэг нийгмийн түүчээ бологч гэдгээ сонгуулиар харуулах ёстой” гэж тэд мэдэгдлээ.
Улсын хэмжээнд их, дээд сургуульд 218 мянган оюутан залуус суралцдаг байна. Тэднээс 140 мянган оюутан нь орон нутгаас Улаанбаатар хотноо суралцдаг оюутнууд аж. Зуныхаа амралтаар оюутнууд гол төлөв ажил хийж сургалтын төлбөрөө олдог. Тиймээс эртнээс ажил төрлөө зохицуулж, сонгуульдаа оролцох нь чухал байгааг санууллаа.
эх сурвалж: ньюс.мн