УИХ-ын чуулганы /2015.01.08/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс асуулт асууж эхлээд байсан юм.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, багш, эмч нарыг төрийн албан хаагч биш болгох тухай ярьж байна. Энэ ажлыг ямар үе шаттай, хэдий хугацаанд хийх вэ хэмээн лавласан Мөн “Алдарт эх” одонтой эхчүүдэд олгодог мөнгийг хамгийн бага хүүхэд нь 18 нас хүрэхээр олгохоо болих тухай ярьж байна. Гэтэл энэ мөнгө хүүхдэд бус, олон хүүхэд төрүүлж өсгөсөн гэж ээжид нь өгч байгаа урамшуулал юм. Хэдэн хүүхдээ өсгөх гэж залуу насаа, амьдралаа зориулсан эхчүүдийн мөнгийг олгохоо зогсож байгаа нь тэднийг шийтгэж буй хэрэг бишүү хэмээсэн. Ерөнхий сайд, Төсвийн тодотголыг баталсны дараа Төрийн албаны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ гээд энэ хуулийн төслийг баталснаар цалингийн шатлалд баригдаад байгаа багш, эмч нарын ажлыг гүйцэтгэлээр нь үнэлэн цалин олгоод явах хэлбэрт шилжинэ гэж хариулсан. “Алдарт эх”-ийн одонтой эхчүүдэд мөнгө олгодог болсон үе буюу 1954 онд мөрдөж байсан зарчмыг баримтлан цаашид дээрх мөнгийг өгч байя гэсэн шийдэлд Засгийн газар хүрснийг Ерөнхий сайд дуулгасан. Тэрбээр, төрүүлсэн хүүхдүүдийн том нь 18 нас хүрэхээр бус хамгийн бага нь 18 нас хүртэл дээрх одонгийн мөнгийг олгоно гэж тодруулсан юм.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат энэ үеэр 2015 онд эдийн засгийн нөхцөл байдлын улмаас төсвийн орлого 905.6 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн хэмжээнээс буурахаар байгааг хэлээд бодит байдалд тулгуурлаж төсвөө боловсруулах, худал амлахгүй байх гэсэн зарчмыг баримталсан гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Уянга, эхчүүд, хүүхдэд олгодог мөнгийг хасч байгаа нь буруу шийдвэр, бүсээ чангалсаар гэдэс нь тасрах гэж байгаа хүмүүст очих мөнгийг хасч байна. Гэтэл Монголбанк газрын дарга нараа 120-250 сая төгрөгөөр, хэлтсийн дарга нараа 60-100 сая төгрөгөөр урамшуулсан байна. Энэ асуудлыг аудитаар шалгуулах хэрэгтэй хэмээсэн.
Түүний асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат хариулахдаа, халамжийн мөнгийг хавтгайруулах бус, зорилтот бүлэг уруу чиглүүлье гэсэн зарчмыг барьсан хэмээгээд ядуу амьдралтай, эмзэг бүлгийн өрхийг дэмжих хүнсний талон олгоход зориулж 7.6 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан гэж хэллээ.
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, Монголбанк газар, хэлтсийн дарга нараа их хэмжээний мөнгөөр урамшуулсан гэсэн мэдээлэл ташаа гэдгийг мөн асуултад хариулахдаа залруулсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, боловсрол, эрүүл мэндийн салбар, эхчүүд, хүүхдэд зориулсан мөнгийг хасмааргүй байна гэлээ. Түүнчлэн эрхэм гишүүн зардлыг хасах замаар хямралаас гарахгүй, харин эдийн засгийн бүтцийг өөрчлөх замаар гардаг гээд европын орнууд ажлын байрыг танаж биш, хадгалж байж хямралаас гарсан туршлага бий гэж сануулж байлаа.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг рүү чиглүүлж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлээд хэмнэгдсэн мөнгийг эмзэг бүлгийг дэмжихэд зарцуулах боломж бий эсэхийг лавласан. Сангийн сайдын хариулснаар, одоогоор тийм бололцоо энэ жилийн төсөвт байхгүй юм байна.
“Хүүхдийн мөнгө” хөтөлбөрт зөвхөн орлого багатай өрхүүдийг хамруулах нь зүйтэй гэж үзээд Засгийн газрын 2013 оны 269 дугаар тогтоолын дагуу олон улсын жишигт нийцүүлж “Орлогыг орлуулан тооцох аргачлалаар” Монгол Улсын бүх өрхийг хамарсан өрхийн амьжиргааны судалгааг хийж “өрхийн мэдээллийн нэгдсэн сан” үүсгэсэн аж. Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхүүдийг онооны системээр үнэлж, тухайн өрхийн авсан онооны эрэмбээр 20 бүлэг болгон мэдээллийн санд байршуулжээ. Нийт өрхийн 1-15 дугаар бүлэгт буюу нэн ядуугаас дундаж хэрэглээтэй өрхөд нийт судалгаанд хамрагдсан өрхийн 64.1 хувь буюу 421.8 мянган өрх, тэдгээрт 629.5 мянган хүүхэд байгаа нь 2015 онд хүүхдийн мөнгө авахаар тооцсон нийт хүүхдийн 60 гаруй хувь болж буй юм байна. Тэдгээр өрхийн хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохоор тооцжээ.
Асуулт хариултын дараа гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлэг дуусч, хоёр дахь хэлэлцүүлэг хийлгэхээр Байнгын хороодод шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.