Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, УИХ-аар баталсан Шилэн дансны тухай хууль хэрэгжсэнээр төсвийг үр ашигтай захиран зарцуулах, ил тод, нээлттэй үйл ажиллагааг хангаж, олон нийтийн хяналтыг бий болгох юм. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газар, хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрйн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж буй компани, Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага, Төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн гүйцэтгэгч нар хуулийн үйлчлэлд хамаарна. Харин төрийн нууцад хамаарах төсөв, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилтай холбоотой төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал энэ хуульд хамаарахгүй юм. Дээрх төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглох заалттай.
Нийслэлийн хэмжээнд тусгай шилжүүлэг болон орон нутгийн нийт 673 байгууллага хуулийн хэрэгжилтийг хангах ёстой.
№ | Төрөл | Тоо |
1 | Төрийн өмчийн сургууль | 135 |
2 | Төрийн өмчийн цэцэрлэг | 228 |
3 | Соёл, урлагийн газрууд | 10 |
4 | Биеийн тамир,спорт газар | 10 |
5 | Хүүхэд хөгжил хамгааллын төв | 2 |
6 | Өрхийн эмнэлэг | 138 |
Тусгай шилжүүлгийн байгууллагын тоо | 523 | |
1 | Орон нутгийн байгууллагууд | 109 |
2 | ОНӨААТҮГазар | 41 |
Орон нутгийн байгууллагын тоо | 150 | |
НИЙТ | 673 |
№ | Дүүргийн нэр | Байгууллагын тоо |
1 | Нийслэл | 11 |
2 | Баянгол дүүрэг | 3 |
3 | Баянзүрх дүүрэг | 25 |
4 | Хан-Уул дүүрэг | 10 |
5 | Сонгинохайрхан дүүрэг | 48 |
6 | Чингэлтэй дүүрэг | 19 |
7 | Сүхбаатар дүүрэг | 37 |
8 | Багануур дүүрэг | 12 |
9 | Багахангай дүүрэг | 1 |
Нийт дүн | 166 |
Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Шилэн дансны тухай хууль өнөөгийн нөхцөл байдал маш чухал хэрэгцээ, шаардлагатай хууль болсон. Шударга байх нь сайн засаглалын нэг хэлбэр. Хуулийн хэрэгжилт бүрэн хангагдвал иргэд өөрсдийн өгсөн татварын мөнгийг хэрхэн юунд зарцуулж байгаа талаар санхүүгийн гүйцэтгэлд хяналт тавих бүрэн боломжтой болно. Тиймээс шилэн дансны мэдээлэл иргэдэд маш ойлгомжтой байх ёстой” гээд мэдээллийг хэрхэн оруулж байгаа талаар тодрууллаа.
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий “Одоогийн хийгдсэн Шилэн дансны нэгдсэн сайтаас иргэд санхүүгийн мэдээллийг өөрт ойлгомжтой байдлаар авахад хүндрэлтэй байгаа. Бүх мэдээллийг гараар шивж оруулж байгаа тул алдаа гарахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс тоон мэдээллийг ойлгомжтой энгийн байдлаар оруулахад зарим программд шинэчлэлт хийх шаардлагатай байгаа” гэлээ.
Иргэд төсвийн мөнгийг дэмий зүйлд зарцуулж байна, хяналтгүй байна гэх зэргээр шүүмжилдэг. Харин одоо аль байгууллага төсвийн мөнгийг юунд зарцуулсан талаар Шилэн дансны тухай хуулийн дагуу Шилэн дансны нэгдсэн цахим хуудаснаас мэдээлэл авах боломжтой боллоо. Нийслэлийн хэмжээнд хуулийн хэрэгжилтийг Нийслэлийн Дотоод аудитын алба хянах бөгөөд нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас бэлтгэл ажил, хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Нийслэлийн хэмжээнд Шилэн дансны хуулийг хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана. Харин хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж буй Нийслэлийн Дотоод аудитын алба дүн мэдээгээ сар, улирал бүр нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулж байх үүрэг өглөө.
Нийслэлийн Засаг дарга “Энэ хуулийн хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллана. Хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаа дахин мэдэгдэж байна. Харин иргэд төсвийн зарцуулалтад зөвхөн таамаг дэвшүүлж, улс төрийн нөлөөллөөр хандахаас илүүтэйгээр шилэн дансны нэгдсэн цахим хуудаснаас санхүүгийн мэдээлээ авч байх хэрэгтэй” гэдгийг онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.