Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Английн “Клад энд Ко” олон улсын хуулийн байгууллагын ахлах хуульч Илдико Гергейг хүлээн авч, “Улаанбаатар метро”-ны бүтээн байгуулалтын ажлын хууль эрхзүйн тал дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Нийслэлийн тулгамдсан асуудал болох авто замын түгжрэл, агаарын бохирдлыг шийдэх хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга бол “Метро”-той болох явдал юм. Метро ашиглалтанд орсноор замын түгжрэл 16 хувиар буурах бөгөөд 45 минутад туулдаг замыг 15 минутад туулж, цаг хэмнэх тооцоо хийжээ. Уулзалтын үеэр Илдико Гергей “Хэдийгээр метро эдийн засгийн болоод байгаль орчинд олон талын үр нөлөө үзүүлэх боловч, хууль эрхзүйн судалгаа нь буруу хийгдвэл дампуурах, үр өгөөжгүй болох аюултай. Дэлхийн олон улс оронд метро байгуулаад дампууруулсан тохиолдол байдаг. Тиймээс хууль эрхзүйн орчныг сайтар бүрдүүлж өгөх шаардлагатай” гэдгийг онцлон хэлсэн байна. Хотын дарга “Олон улс оронд үр дүнгээ өгч байгаа “Метро” төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэхэд та бүгдийн зөвлөгөө, сургалт семинар чухал ач холбогдолтой. Тиймээс “Метро” төслийг хариуцаж байгаа албаны хүмүүсийг өөрийн байгууллагын хуульчидтай уулзуулж, санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлж өгч байгаад талархал илэрхийлье” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …